Өнгөрсөн онд биржийн 859 удаагийн арилжаагаар 36.7 сая тонн нүүрс борлуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны энэ сарын 15-ны өдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт, уул уурхайн салбараас хүртэх үр өгөөжийн талаар орон нутгийн иргэдийг мэдээлэлжүүлэх, уул уурхайн биржийн арилжаа болон ашигт малтмалын бүтээгдэхүүний үр өгөөжийг нэмэгдүүлэх хэрэгжүүлж буй чиглэлээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны мэдээллийг сонсов.
Тэрбээр уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааны тухай
танилцуллаа. Уулын уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс
мөрдөж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлснээр "Монголын хөрөнгийн бирж"
ХК-иар дамжуулан 2023 онд 14.9 сая тонн нүүрс, 604.8 мянган тонн төмрийн
баяжмал арилжиж, нийт 2.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлого, үнийн өсөлтөөс
хамаарч 155.3 сая ам.долларын нэмэлт орлого олсон байна. 2024 онд 859 удаагийн
арилжаагаар нийт 36.7 сая тонн нүүрс, 2.9 сая тонн төмрийн хүдэр болон баяжмал,
17.6 мянган тонн хайлуур жонш, 6000 тонн зэсийн баяжмал арилжиж 16.26 их наяд
төгрөгийн орлогыг тус тус олсон аж.
Үргэлжлүүлэн Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл
олголтын тухай Ц.Туваан сайд танилцуулсан юм. 1994 оны Ашигт малтмалын тухай
хуулиар хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр, 1997 оноос иргэн болон хуулийн
этгээдэд өргөдлөөр, 2006 оноос сонгон шалгаруулалт болон өргөдлөөр, 2014 оноос
өргөдөл болон сонгон шалгаруулалтаар, 2017 оны өөрчлөлтөөр зөвхөн сонгон
шалгаруулалтын журмаар төрөөс тогтоосон талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг
олгохоор болсон. 2010 онд Тусгай
зөвшөөрөл олгохыг хориглох тухай хууль батлагдан 2010-2014 онд хайгуулын тусгай
зөвшөөрөл олгоогүй байна.
Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж
эхэлсэнтэй холбогдуулан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон
шалгаруулалтын үйл ажиллагааг Ашигт малтмалын тухай хуульд тусгажээ. Уг өөрчлөлтийн дагуу сонгон
шалгаруулалтын журмыг баталж, тус журмаар 2024 оны дөрөвдүгээр сар хүртэл тусгай зөвшөөрөл
олгосон байна. 2024 оны байдлаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 74 хувьд
ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулах боломжгүй, хориглосон байдаг
бол Засгийн газар 2018 онд 8.4 сая га, 2023 онд 8.6 сая га талбай, нийтдээ 17
сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж талбай солбилцол
баталсан байна. 2024 оны 12 сарын 16-ны өдрийн байдлаар нийт 2726 тусгай
зөвшөөрөл хүчин төгөлдөр үйлчилж байна. Үүний 981 нь хайгуулын, 1632
ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа гэв. Энэ нь нийт нийт нутаг
дэвсгэрийн 4.38 хувийг эзэлдэг.
2018-2024 онд буюу долоон
жилийн хугацаанд 533 хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгож,
улсын төсөвт 177 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.