Монголчуудын төвөд хэлээр туурвисан уран зохиолын судалгааны шинэ үр дүнгээс танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khandmaa@montsame.gov.mn
2024-12-13 11:50:43

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. МУИС-ийн ШУС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимээс Төвөд хэлт уран зохиол судлалын профессорын семинарыг цувралаар зохион байгуулж, докторантуудын судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулж байна.


Монголын уран зохиолын түүхэнд Хятад, Төвөд, Энэтхэгээс орчуулсан далай мэт их зохиол бий. Түүнчлэн төвөд хэлийг эх хэл шигээ эзэмшсэн монголчуудын төвөд хэлээр бичсэн зохиол ч үлэмж арвин байдаг.


Монголын төвөд хэлт уран зохиолын үе үеийн төлөөлөгчдөөс Монголын бурхан шашин, соёлын түүхэнд баларшгүй ул мөрөө үлдээсэн Цахар гэвш Лувсанчүлтэм, Хөх нуурын номч мэргэн хутагт Сүмбэ хамба Ишбалжир, Өндөр гэгээн Занабазар, ноён хутагт Данзаравжаа, бурхны шашны нэрт зүтгэлтэн Агваан Доржиев нарыг дурдаж болно.


Тухайлбал, төвөд хэлт уран зохиолын профессорын семинараар:

  • Доктор (ph.d) Ягааны Ганзаяагийн "Энэтхэг, Төвөд, Монголын уран зохиол дахь хишиг даллагын зохиолууд",
  • Доктор П.Нямлхагвын "Зава Дамдин гавж Лувсандаяны яруу найргийн туурвил зүйн онцлог",
  • Докторант М.Ууганбаярын "Монголын төвөд хэлт уран зохиол дахь захиа бичгийн уран зохиолын уламжлал, гол төлөөлөгчид, дурсгалууд",
  • Докторант Д.Мөнх-Отгоны Ноён хутагт Данзанравжаагийн "Төвөд, монгол хоёр хэлээр уламжлагдан ирсэн дурсгалууд”,
  • Докторант Б.Оюунбилэг "Жамьянгаравын намтар уран бүтээлийн судалгаа",
  • Докторант М.Ганхуяг "Монголын төвөд хэлт уран зохиол дахь орон хийдийн магтаал",
  • Докторант Хүсэл (БНХАУ) “Монголын төвөд хэлт уран зохиол дахь Зам явахын уран зохиолын уламжлал, дурсгалууд”  зэрэг нэн сонирхолтой судалгааг хэлэлцүүлээд байна.

Цаашид, “Монголчуудын галын тахилгын төвөд монгол сурвалж бичгийн судалгаа”, “Сагансэцэний намтар уран бүтээлийн судалгаа”, Ордосын Хишигбатын “Монголын нууц товчооны онцлог шинж””, “Урадын мэргэн гэгээн Лувсандамбийжалцаны зохиолуудын сурвалж бичгийн судалгаа”, “Хөхнуурын Ишбалжирын төвөд хэлээр туурвисан уран зохиолын судалгаа” зэрэг сонирхолтой судалгааны үр дүнг хэлэлцүүлэх ажээ.


Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч лам, докторант М.Ганхуягийн судалгааны ажил л гэхэд Энэтхэгийн уран зохиол дахь “Их найман орны суваргын магтаал”, Төвөдийн уран зохиол дах "Тас цогцолсон уулын магтаал яруу дуун эгшиг", Монголын уран зохиол дахь “Тутарга цогцолсон насан арвидах өлзийт орон, хийдийн магтаал”, “Гандантэгчэнлин хийдийг магтсан магтаал” зэрэг олон арван мэргэдийн зохиол бүтээлээр уламжлагдан Номт гурван улсын соёл утга зохиолд дэлгэрч ирснийг судалсан бүтээл хэмээн эрдэм шинжилгээний удирдагч, доктор Х.Сүглэгмаа тэмдэглэжээ.


Харин БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орноос ирж судалгаа хийж буй, докторант Хүслийн сэдэв бол манай сэтгүүл зүйн бичлэгийн нэг томоохон төрөл зүйл болох Аян замын тэмдэглэлийн уламжлалын судалгаа юм байна. 



Холбоотой мэдээ