Эмэгтэйчүүдийн 2027 оны ДАШТ-ий товыг зарлажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТЦЮРИХ, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /Reuters/. Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн 2027 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ зургаадугаар сарын 24-нөөс долоодугаар сарын 25-ны хооронд Бразилд болно гэж Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/ мягмар гарагт мэдэгдлээ.
Өмнөд Америкт анх удаа болох эмэгтэйчүүдийн ДАШТ-д 32 баг өрсөлдөх
бөгөөд холбоодын хувьд 2023 оныхтой адил хуваарилалтын дагуу эрх авна. Тодруулбал, Европын УЕФА-гийн 11 баг эрхээ шууд авах бол Азийн AFC зургаа,
Африкийн CAF, Хойд Америкийн CONCACAF тус бүр дөрөв, Өмнөд Америкийн CONMEBOL гурав,
Далайн орнуудын OFC нэг эрхийг тус тус авна. Үлдсэн гурван эрхийг 2026 оны 11 дүгээр сараас 2027 оны хоёрдугаар сарын хооронд хоёр үе шаттайгаар
тоглох 10 багийн плей-оффын тэмцээнээр тодруулна.
Эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг энэ оны тавдугаар сард авсан Бразил улс 2014 оны эрэгтэйчүүдийн ДАШТ-ий үеэр ашиглаж байсан 10-12 талбайд тэмцээнийг зохион байгуулах ажээ. ФИФА-гийн ерөнхийлөгч
Жанни Инфантино мэдэгдэхдээ, энэхүү
түүхэн тэмцээн нь Өмнөд Америкт төдийгүй дэлхий даяар асар их нөлөө үзүүлэх
болно гэжээ.
ФИФА мөн лхагва гарагт 2030, 2034 оны эрэгтэйчүүдийн ДАШТ-ийг зохион байгуулах улсыг тодруулахаар төлөвлөж байгаа бөгөөд 2030 оны тэмцээнийг зохион байгуулах эрхийг Марокко, Испани,
Португал тэргүүтэй зургаан орон, харин 2034 оны ДАШТ-ийг Саудын Араб тус тус авах төлөвтэй байна.