Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон бусад хууль, тогтоолын төслийг хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо өчигдөр хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслүүдийн талаар Байнгын хорооны хуралдаанд Сангийн
сайд Б.Жавхлан танилцуулахдаа, УИХ-аас
Засгийн газарт өгсөн алдагдалгүй төсвийн төсөл боловсруулах чиглэлийн
дагуу зардлыг багасгахыг баримталсан зарчмуудыг
дурдав. Энэ хүрээнд НДС-гаас олгох тэтгэвэр, тэтгэмж, ЭМДС-гаас санхүүжүүлэх эрүүл мэндийн
тусламж үйлчилгээ, НХС-гаас
олгох хүүхдийн мөнгөн тэтгэмж, халамжийн тэтгэвэр, амьжиргааг дэмжих мөнгөн
тэтгэмж, асаргааны тэтгэмжийг багасгахгүй
зарчим баримталсныг тэмдэглэлээ. Мөн төрийн албан
хаагчийн цалин хөлс, тэтгэвэрт
гарахад нэг удаа олгох, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж
зэрэг өрхийн орлогыг дэмждэг төсвийн бүх зардлыг хэвээр үлдээжээ. Гадаад
зээлийн үйлчилгээний төлбөр, УИХ-ын Хууль
зүйн байнгын хорооноос төсвийг нь хянаж, ирүүлсэн ХЭҮК, шүүхийн зарим байгууллагын урсгал
зардлыг бууруулаагүй аж.
Харин төсөвт байгууллагын үйл ажиллагааны зарим зардлыг 10-100 хувь бууруулжээ. Тодруулбал, салбар
харгалзахгүйгээр бүх төсөвт байгууллагын тавилга, эд хогшил худалдан авах,
сургалт, семинар, хурал зөвлөгөөн хийх, биеийн тамирын уралдаан тэмцээн зохион
байгуулах, гэрээт ажилтан ажиллуулах, дуудлагын автомашин хөлслөх, зөвлөл, хороо,
комиссын гишүүний урамшууллын зардлыг багасгасан байна. Соёлын эрхийн бичиг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг
дэмжих, Кино урлагийг дэмжих сан, засаг захиргааны нэгж, төрийн захиргааны
байгууллагын үр дүнгээр шагнах, урамшуулах, идэвхтэй амьдралын хэвшлийг дэмжих, эрүүл идэвхтэй амьдрал
хөтөлбөрийн зардлыг хаслаа. Мөн
эрүүл мэнд, тусгай чиг
үүргийн байгууллагаас бусад байгууллагын тээвэр, шатахууны зардал, төрийн
өндөр, дээд айлчлал, гадны
өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах,
эрүүл мэнд, боловсрол, батлан хамгаалах, гадаад харилцаа, хууль зүй, дотоод
хэргийн салбараас бусад салбарын дадлага, бэлтгэл сургуулилт хийх зардал, бүх
шатны төсвийн байгууллагын дотоод албан томилолт, бичиг хэрэг, багаж техник хэрэгсэл худалдан авах
зардлыг 50 хувиар бууруулжээ.
Түүнчлэн, байр
ашиглалт, хангамж, бараа материал, нормативт эм бэлдмэл, нормын хувцас, хоол,
урсгал засвар, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, төр, хувийн хэвшлийн байгууллагад олгох татаас, шилжүүлэг, эргэж
төлөгдөх зээл, бараа үйлчилгээний бусад зардал, төрийн зарим чиг үүргийг хувийн
хэвшлээр гүйцэтгүүлэх арга хэмжээ, боловсролын тэтгэлэг, авто зам, гүүрэн
байгууламжийн засвар ашиглалтын зардлыг 10 хувиар бууруулахаар төсөлд тусгав. Улсын төсвийн хөрөнгөөр 2024 онд хэрэгжүүлэхээр тусгасан
төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулсан, ажлыг нь эхлүүлсэн төслийг яаралтай
дуусгах нь зүйтэй хэмээн үзэж, төсөлд тусгасан. Гэрээ байгуулаагүй, ажил
эхлээгүй улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрэмбэлж,
хойшлуулахаар шийджээ. Зарим
их засвар, ТЭЗҮ, зураг төсөв, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг бууруулж,
хэлэлцээрийн шатанд байгаа төслийг хойшлуулахаар төлөвлөлөө. Гадаад зээлийн ашиглалтыг бууруулж,
хэлэлцээрийн шатанд байгаа Үндэсний хиймэл дагуулын болон бусад төслийн зээлийн ашиглалтыг
хойшлуулах юм. “Хавдар судлалын Үндэсний төв-II” хөрөнгө оруулалтыг нэмж тусгаж
байгаа аж.
Түүний дараа Монгол Улсын 2025 оны төсвийн тухай
хуулийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийн талаарх танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав хийж, улсын 2025 оны төсвийн төсөл урт, дунд
хугацааны хөгжлийн бодлогын үзэл баримтлал, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд
нийцсэн ч анхаарах асуудлыг тэмдэглэсэн байна.
Энэ үеэр, Боловсролын
сайд П.Наранбаяр, сургууль, цэцэрлэг барихад 580 тэрбум төгрөгийг төсөвлөсөн ч
26 тэрбумыг хассан. Өөрөөр хэлбэл, энэ оны 12 дугаар сарын 1-ний байдлаар
тендэр нь зарлагдаагүй 14 төсөл, хөтөлбөрийг хассан. БЗС-гийн хөрөнгөөс 17,5 тэрбум төгрөг хассан.
Цаашид зээлийн эргэн төлөлтийг сайжруулж, тус сангийн хөрөнгийг нэмэх чиглэл
баримтална. Үүний тулд хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллана хэмээв.
ССАЖЗ-ын сайд
Ч.Номин, соёл, спортын салбарын хөтөлбөр арга хэмжээний төсвийн хөрөнгө
оруулалт 12,7 хувиар буюу 75
тэрбумаар багассан. Үндэсний
шигшээ багуудын бэлтгэл хангах зардал 60 хувиар буурсан учир тив, дэлхийн
чанартай тэмцээн уралдаанд тамирчид оролцох нь бэрхшээлтэй болсон гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, боловсрол тэргүүлэх салбар учир Засгийн газрын хэрэгжүүлж буй 14
мега төсөлд багтааж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэн шийдэх боломж буй
эсэхийг лавлахад, Сангийн
сайд Б.Жавхлан, “14 мега
төслийн эхний 3 нь буюу нефть боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл хэрэгжиж эхэлсэн. Бусад төслийг олон талт эх
үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн.
Мега төсөлд эдийн засгийг дэмжих арилжааны бүтээн байгуулалтыг оруулж байна. Эдийн
засгийн өсөлт нэмэгдэхээр ДНБ
өсөж, төсөв тэлнэ. Тэгэхээр нийгмийн салбарын хөрөнгө
оруулалт нь мега төслүүдээс ялгаатайг ойлгохыг хүслээ.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам, хүүхдийн хоолны зардлыг хэрхэн нэмж
буй, УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа боловсролын салбарын төсвөөс нийт хичнээн төгрөг
хасагдсан, УИХ-ын гишүүн
Д.Бум-Очир боловсролын хувьсах зардлыг хэрхэн танасан тухай тодруулсан юм. Боловсролын сайд П.Наранбаяр, хоол,
хүнсний зардал 2024 онд 130 тэрбум 336 сая төгрөг байсан бол 178 тэрбум 121 сая
төгрөг буюу 48 сая төгрөгөөр нэмэгдэж байна. Сургуулийн өмнөх, ерөнхий,
насан туршийн боловсрол, мэргэжлийн болон техникийн сургуулийн хувьсах зардлыг өмнө нь баталж, Ерөнхийлөгч хориг
тавьсан төсвөөс буурсан. Гэхдээ 2024 оны төсөвтэй харьцуулахад нэмэгдсэн. Алдагдалгүй төсөв батлах
зорилгоор боловсролын салбараас анх 400 гаруй тэрбум танахаар төлөвлөсөн ч 152
тэрбум буюу 3,6 хувиар буурууллаа.
Энэ салбарт 189 төсөвт өртөгт арга хэмжээг 1,3 их наяд
төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөв өргөн барьснаас 2025 онд 472 тэрбум 667 сая төгрөгийн
хөрөнгө оруулалтаар 58 цэцэрлэг, 85 сургууль, 20 дотуур байр барина гэв.
БСШУСБХ-ны гишүүд
төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсний
дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж шийдэв. Ингээд Монгол Улсын 2025
оны төсвийн тухай, НДС-гийн 2025
оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, ЭМДС-гийн 2025 оны төсвийн тухай хуульд
өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх
Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн
төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй
болсонд тооцох тухай хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцэв. Засгийн
газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн
төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Бум-Очир зарчмын зөрүүтэй санал
гаргаж, Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжив. Мөн, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”
тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа,
Ч.Ундрам, Д.Бум-Очир, Д.Үүрийнтуяа зарчмын зөрүүтэй санал гаргасныг
олонхын саналаар шийджээ.
“Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай
холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн
хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ
УИХ-ын Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтсоныг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас
мэдээллээ.