Дэлхийн хамгийн сэтгэл татам гоёмсог хотуудыг нэрлэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 1 /CNN/. Маркетингийн зөвлөгөө өгдөг “Resonance” фирм, зах зээлийн судалгааны “Ipsos” компани хамтран “2025 оны Дэлхийн шилдэг хотуудын тайлан”-г танилцуулжээ. Ингэхдээ амьдрах нөхцөл, сэтгэл татам байдал, хөгжил цэцэглэлтээр нь дэлхийн хотуудыг эрэмбэлснээс гадна 30 орны 22 мянган хүнээс авсан судалгаа зэргийг ашигласан байна.
Дэлхийн хамгийн том 270 гаруй хотыг багтаасан уг жагсаалтад Лондон хот дэлхийн шилдэг хотоор шалгарчээ. Гэхдээ CNN хотын соёл, дурсгалт газрууд, шөнийн өнгө
төрх, хоол унд, олон улсын нэр хүнд зэрэг хотын онцлогуудыг дүгнэдэг сэтгэл татам
байдлын үзүүлэлтүүдийг чухалчлан авч үзжээ.
“Хамгийн
сэтгэл татам” гэх тодотголд багтсан 10 хот бол хэн бүхний заавал очиж үзэх ёстой хотуудын тоонд
зүй ёсоор багтах бөгөөд тэдгээрийн зургаа нь Баруун Европын хотууд юм. Шилдэг
хот Лондоны хувьд сэтгэл татам байдлын үзүүлэлтээрээ ч мөн нэгдүгээрт бичигдсэн
бөгөөд үүнд дэлхийд алдартай музейнүүд, шөнийн өнгө төрх нь голлох нөлөө үзүүлжээ. Тус хотын
араас дэлгүүр хэсэх, үзвэр үзэх тал дээр дээгүүрт бичигддэг Парис орсон байна.
Нью-Йоркийн хувьд Бродвэй, дээд зэрэглэлийн зоогийн газрууд
зэрэг соёлын өвөрмөц байдлыг санал болгодог тул дэлхийн хамгийн сэтгэл
татам хотуудын гуравдугаарт жагсжээ. Харин Токио хот ресторан, дэлгүүрүүдээрээ дөрөвдүгээрт
бичигдсэн бол тавдугаарт эрэмбэлэгдсэн Ром хотын гудамжны өнцөг булан бүрд олон
мянган жилийн түүх шингээстэй байдаг билээ.
Жагсаалтын зургаадугаарт орсон Барселона нарны туяа, наран шарлагын газар, барилгуудын гоёмсог хийц маяг, шөнийн өнгө төрхөөрөө дээгүүрт бичигдсэн бол бөгөөд Испанийн өөр нэгэн хот болох Мадрид /№7/ цэцэрлэгт хүрээлэн, гадаа талбайд маш их хөрөнгө оруулалт хийдэг байна. Эдгээрийн араас наймдугаарт жагссан Дубай дэлхийн амралт, тоглоомын газар гэдгээ бататгасан бол есдүгээрт байранд Берлин түүх, музей, архитектураараа шалгарчээ. Харин жагсаалтын 10 дугаарт гудамжны түргэн хоолноос эхлээд тансаг зоогийн газрууд, дэлгүүрүүд, хот төлөвлөлт гэсэн үзүүлэлтүүдээр Сингапур орсон байна.