ХААН банк зээлийн багцынхаа 10 хувийг ногоон болгохыг зорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-11-29 13:45:19

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчийн Тамгын газар, СЗХ, ТоС холбоо, ХААН банк хамтран зохион байгуулж буй “Тогтвортой санхүүгийн форум” форум өнөөдөр “Нөлөөллийн хөрөнгө оруулалт ба тогтвортой санхүүжилтийн хүртээмж” салбар хуралдаанаар үргэлжиллээ.


Хуралдаанаар байгаль орчинд ээлтэй, ногоон санхүүжилт, ногоон зээлийн талаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд хэрэгтэй мэдээллийг өглөө. Хөдөө аж ахуй, тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл өгөхөд ногоон, байгальд ээлтэй тоног төхөөрөмж ашиглавал хөнгөлөлт авах талаар мэдээлэл хомсоос гадна, стандарт, шаардлагыг нь хангадаггүй, зөвлөн туслах үйлчилгээ байдаггүйгээс хамрагдаж чаддаггүй байна. Иймд банкууд ямар шаардлага хангавал зээл авч болох мөн, иргэн, аж ахуйн нэгжүүдэд ямар бэрхшээл байгаа, түүнийг хэрхэн шийдэхийг танилцуулав.


Түүнчлэн, аж ахуйн нэгжүүд хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгоход ногоон бизнес хийвэл илүү амар байх боломжтойг Санхүүгийн зохицуулах хороо, банкууд хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүд тайлбарлаж байлаа.


Монгол Улс 2030 он хүртэл нүүрсхүчлийн хийг 22.7 хувь багасгах зорилт тавьсан. Төрөөс иргэд, аж ахуйн нэгжийг ногоон, байгальд ээлтэй бизнес хийх сонирхлыг татахад ямар хөшүүрэг хэрэгтэйг нарийн гаргахад онцгой анхаарахыг Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай тодотгоод, “Өнгөрсөн 2 жилд тодорхой үр дүн гарсан. Байгаль орчин ногоон санхүүжилтийн чиглэлээр суурь дэд бүтэц, бодлогын баримт бичгийг боловсруулсан нь Азидаа төдийгүй, дэлхийд сайн жишигт тооцогдож байгааг хэлсэн юм. 


Тэрбээр, "Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгээр хоёр жилд байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бий болгож, олон улсын хөрөнгө оруулагч, тусламжаар 70 сая гаруй ам.долларыг төвлөрүүлсэн. Байгаль орчин, ногоон санхүүжилтийн чиглэлээр сүүлийн 5 жилд банк санхүү, олон улсын байгууллага нийлээд тэрбум гаруй ам.доллар буюу 3.5 их наяд төгрөгийн санхжүүжилт татлаа. Засгийн газраас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн дүнд өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад зээлийн хугацаа 1-2 жил байсныг 5 жил болгож, жилийн хүүг 5-7 хувь болголоо. ХББОСЯ гэхэд байгальд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжсэн, хог хаягдал бага гаргадаг, эрчим хүчинд хэмнэлттэй технологи бүхий амины орон сууц барьвал зээлийн хөнгөлөлт үзүүлье гэж байна. Байгальд ээлтэй технологи ашиглавал хөдөө аж ахуйн зээлийн хүүгийн тодорхой дэмжлэг үзүүлэх тухай ярьж байна. Ирэх сардаа багтаагаад шийдэх байх. ХААН банк 2023 онд гадаадаас 30 сая ам.доллар, дотоодоос 30 тэрбум төгрөгийн хөрөнгө татлаа. “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Атрын 4 дүгээр аян”, “Шинэ хоршоо” гэх мэт хөдөлгөөний хэрэгжилтийн хүрээнд байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмж ашигласан бол хүүг нь багасгахад анхаарах тухай ярьж байна.


Нэг үеэ бодоход хөрөнгө санхүүжилт нэмэгдсэн, үүнийгээ яаж гаргах нь асуудал болоод байгаа юм. Зээл гаргах гэхээр иргэн, аж ахуйн нэгжүүд  стандарт, шаардлага хангадаггүй учир тал бүрийн хөшүүрэг ашиглаж, тэднийг байгальд ээлтэй байдлаар үйл ажиллагаа явуулдаг болгоход чиглэж байна. Банкууд санаачилгатай байж, маш сайн зөвлөх үйлчилгээ үзүүлж, тайлбарлах ёстой. Энэ талаар мэдээлэлгүй, шат дамжлага, өртөг их гээд цааргалаад орхидог учир сонирхол бага байгаа юм. Иргэн, аж ахуйн нэгжээ мэдээлэлжүүлэх, боловсролжуулах, зөвлөн туслах үйлчилгээг нэвтрүүлэх нь хамгийн чухал болоод байгаа” хэмээв.



Салбар хуралдааны үеэр ХААН банк ногоон технологийн дагуу шалгуур хангасан бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэгч бэлтгэн нийлүүлэгчийн мэдээллийг нэг дор багтаасан, ногоон технологи, ногоон санхүүжилтийн порталыг танилцууллаа. Өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн Ногоон датабэйс төслийн хүрээнд онлайн платформыг хөгжүүлж, эрчим хүчний хэмнэлттэй, байгальд эерэг, уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг багасгахад чиглэсэн ногоон технологийн дата бааз үүсгээд байгаа аж. Иргэд харилцагчдад нээлттэй тус платформоор дамжуулан ямар зээлийг ногоон ангилалд авч үзэх, ямар тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн шалгуурыг нь хангах тухай дэлгэрэнгүй мэдээлэл агуулжээ. Ногоон технологи үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгчид тус банкны платформоор дамжуулан бүтээгдэхүүнээ бүртгүүлж, ногоон зээлээр борлуулах, ногоон бизнесийн зээлийн санхүүжилт авах боломжтой аж.


Хуралдааны үеэр тус банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа, “Манай банк сүүлийн 10 жилд санхүүгийн салбар, олон улс, дотоодоос хөрөнгө оруулалт татах, хувийн хэвшлийн чадавхыг бэхжүүлэх, тодорхой шийдлийг гаргахад манлайлж, эдгээр боломжийг нэмэхэд олон санал санаачилгаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүллээ. Энэ оны эхний 9 сарын байдлаар олгосон ногоон зээл 627 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны эцсийнхээс 61 хувиар нэмэгдэж, нийт системийн банкуудын ногоон зээлийн багцын 50 гаруй хувийг дангаараа бүрдүүлсэн. Бид энэ жил сошиал бонд болон гадаад, дотоодын биржүүдэд 285 сая ам.доллартой тэнцэх хэмжээний бонд гаргасан туршлагаа хуваалцлаа. Байгууллагууд тогтвортой хөгжлийн бодлоготой байж, олон улсын стандартуудыг дагаж мөрдөх ёстой. Санхүүгийн байгууллагуудын 11 эрсдэлийг авч үздэг байсан бол дижитал, нэр хүндийн эрсдэл гэх зэрэг эрсдэлийн удирдлага өөр түвшинд хүрлээ. Манай банк 2026 он гэхэд зээлийн багцынхаа 10 хувийг ногоон зээл болгохыг зорьж байгаа” хэмээсэн юм.

Холбоотой мэдээ