ЗАВХАН: Камер байршуулах нь зэрлэг амьтдыг хамгаалахад чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-11-13 17:49:07

Улиастай, 2024 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Отгонтэнгэрийн дархан цаазат газрын 32 байршилд байрлуулсан камеруудад 14 зүйлийн хөхтөн амьтан, 5 зүйлийн шувууны дүрс бичигдсэн байна.


Дэлхийн байгаль хамгаалах сангаас ирүүлсэн удирдамж, арга зүйн дагуу автомат камеруудыг Отгонтэнгэрийн дархан цаазат газрын нэр бүхий 3 газар, Идэр, Отгон сумын хилийн зааг дагуух уулууд, Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газруудад 2020 онд байршуулж, жил бүр гэрэл зураг, дүрс бичлэгийг авч судалгааны ажилд ашиглаж байна.


Камеруудыг жил бүр байршуулж гэрэл зураг дүрс бичлэгийг авч байна. Хамгийн сүүлд авсан гэрэл зургуудаас 14 зүйлийн хөхтөн амьтан, 5 зүйлийн шувууны дүрс бичигдсэн байна.


Үүнээс Олон улсын болон бүс нутгийн хэмжээнд ховордлын зэрэг өндөртэй нэн ховор болон ховор ангиллын аргаль, янгир ямаа, шилүүс мий, зэрлэг гахай, бор гөрөөс зэрэг бүртгэгдсэн байна. Бүх газарт халиун буга, бор гөрөөс, саарал чоно зэрэг амьтдын дүрс элбэг бичигдсэн байна. Тус камеруудыг байгаль хамгаалагчдын тогтмол мониторинг судалгаа хийх боломжгүй газруудад байрлуулж судалгаа хийснээр аргаль, алтайн хойлог, янгир зэрэг амьтдын байршил нутгуудыг тогтоож, баримтжуулсан үр дүнтэй ажил боллоо.


Мөн камер байрлуулах болон буцаан авах хоёр удаагийн явалтаар 15 зүйлийн 123 бодгаль бүртгэгджээ. Энэхүү судалгааны ажил нь Отгонтэнгэрийн дархан цаазат газар болон Тарвагатайн нурууны хилийн зааг дагуу болон Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын зэрлэг амьтдын гол байршил нутгуудад хийж буй судалгааны чухал мэдээллийг цуглуулж чадсанаараа онцлогтой. Цаашид зэрлэг амьтдын байршил нутгуудад судалгааг үргэлжлүүлж, хамгааллын арга хэмжээг төлөвлөх шаардлагатай юм гэж Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас мэдээлэв. 

Камерт бичигдсэн зэрлэг амьтдын дүрс


Камерийн байршил болон байгаль хамгаалагчид

Холбоотой мэдээ