“Жангар тууль, Жангар судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Аман билиг зүйч, монгол тууль, ардын дуу, эх бичиг судлаач У.Загдсүрэнгийн мэндэлсний 105 жилийн ойд зориулсан “Жангар тууль, Жангар судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэн, Хэлний Бодлогын үндэсний зөвлөл, Монголын үндэсний музей хамтран зохион байгууллаа.
Монголын үндэсний түүхийн музейд болсон тус хуралд Хятад, ОХУ, БНСУ, Узбекистан болон Монголын 40 гаруй эрдэмтэн судлаачид оролцож судлаач Загдсүрэнгийн Жангар судлалд оруулсан хувь нэмэр, мөн жангар судлалын талаар хэлэлцлээ. Аман зохиол судлаач У.Загдсүрэн гуайн гол гавьяа нь судлаачид жангарын туулийг зөвхөн ижил мөрний халимагуудын хүрээнд ойлгож байсан зүйлийг Монгол Улсын нутагт татан авчирч, олон жил өөрөө биечлэн явж хөөцөлдөж нотолгоог нь гаргаж тавьсан. Тэрбээр жангар судлалаар дагнан судалгаа хийж, жангарын тууль нь Монголд аман болон бичгийн уламжлалаар хэрхэн түгэн дэлгэрснийг нь нотлохоос гадна жангар судлал илүү өргөн хүрээнд хөгжих үндэс суурийг бүрдүүлсэн хүний нэг юм.
Жангар судлал XIX зууны сүүлч, XX зууны эхэн үеэс эхэлжээ. Анх Герман болон Оросын эрдэмтэд Ижил мөрний хавиас Халимагийн нутгаас Жангар туулийг олж сонсоод дэлхийд таниулсан түүхтэй. Мөн Шинжааны Ойрадуудын дунд ихээхэн тархсаныг тогтоож судлах ажлыг явуулжээ. Харин манай эрдэмтэн судлаачид “Жангар бол нийт монгол угсаатны баатарлаг тууль” гэдгийг судлан тогтоосон байна. Жангар судлалыг улам өргөжүүлэх, ард түмний дунд түгсэн Жангарын туульсын олон янз хэлбэрийг олж тэмдэглэх, эх бичвэрийг эмхэтгэх зэрэг олон ажил хийх хэрэгтэй байгааг эрдэмтэд ярьж байна.
Шинжлэх ухааны академи Монголоос олдсон Жангар туулийн олон бүлгийн аман хувилбарыг цуглуулж хоёр удаа эмхэтгэн гаргасан бөгөөд 1963 онд эрдэмтэн багш Т.Дүгэрсүрэн "Жангар" туулийн 13 бүлгийг халимаг хэлнээс орчуулан хүртээл болгосныг 2000 онд түүний үр хүүхдүүд нь 26 бүлэг болгон хэвлүүлсэн байдаг. "Жангар" туулийн бүлгүүдийг бүрэн олж цуглуулах, сонгомол эх бүтээх эхийг тавьсан хүн бол эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн юм. Монгол судлалын нэрт эрдэмтэн Б.Ринчен өөрийн шавь Т.Галсанд “Жангар” туулийг эмхэтгэн “Монгол Жангар”-ын сонгомол эхийг бэлтгэх даалгавар өгснийг тэр биелүүлж, 2006 онд “Монгол Жангар” хөлгөн их судрын хоёр ботийг монголчуудад өргөн барьсан байдаг. Жангар бол улс төр, шашин, Монголын ахуй амьдрал, түүх зэрэг бүхий л шинжлэх ухааныг өөртөө багтаасан яруу найраг хэлбэрээр бичигдсэн өв соёлын агуу бүтээл юм. Сүүлийн гурван жилд Говь-Алтай аймагт 1300 хүүхдэд шат шатны багш нараар дамжуулан Жангарын хичээл орж байна. Тэд улсын хэмжээний жангарын эрдэм шинжилгээний хурал болон хайлалтыг хоёр удаа зохион байгуулжээ.
Эргэн сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч монгол түмний бахархалт өв соёл, үеэс үед уламжлагдан ирсэн аман билгийн эх ундарга болсон баатарлаг туульсаа дээдлэн, дэлгэрүүлэх зорилгоор 2019 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 13 дугаар зарлиг гаргасан билээ.