“Өвсний үндэс” төслийн хүрээнд Дархан сумын 18 дугаар сургуулийг засна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-10-07 17:10:09

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-аар “Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн засварын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болжээ.


Уг төслийн гэрээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү болон Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал нар энэ сарын 4-нд гарын үсэг зурлаа.


Төслийн хүрээнд Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн хичээлийн байрны дээврийн засварын ажил хийх юм.

Тус сургуулийн дээвэр ихээр хуучирч, муудан дусаал гоождогоос үүдэж сургуулийн 1,338 сурагч, 91 багш ажилтан нар эрүүл, аюулгүй орчинд сурч, ажиллахад хүндрэлтэй багйаа аж. Төслийг хэрэгжүүлснээр эрүүл, аюулгүй сургалтын орчин бүрдэх юм.


Япон Улсын Засгийн газар Монгол оронд 1990 оноос өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 605 дахь, Дархан-Уул аймагт хэрэгжих 25 дахь төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 100,138 ам.доллар юм.


“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүргийг гүйцэтгэдэг.




Холбоотой мэдээ