ТӨВ: Хөрсний болон үерийн ус зайлуулах байгууламж барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-10-04 10:33:42

Зуунмод, 2024 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Зуунмод сумын хэд хэдэн байршил усанд автаж, зам талбай эвдрэх, барилгуудын зоорийн давхарт хүн нэвтрэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Энэ усыг шинжээчид хөрсний ус гэж үзсэн бөгөөд Номтын амнаас эх авч байгаа булгаас эхлэлтэй тул үер, ус зайлуулах суваг, шуудуу барихаар болжээ.


Хөрсний ус нэвчилтийн шалтгаан нөхцөлийг тогтоож, арилгах чиг үүрэг бүхий шуурхай ажлын баг тухайн чиглэлээр ажилладаг "Инженер геодези" ХХК-тай цахим хурал хийж, тус компанийн ажлын дүгнэлт, техникийн зөвлөмжийг сонсож танилцлаа.


Хурлаар Зуунмод сумын 9 байршилд хамгаалах шуудуу, далан барих ажлыг шуурхай хийх, хөрсний ус нэвчилттэй байгаа барилгуудын усыг соруулах ажлыг үргэлжлүүлэхээр болж, цаашид дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо.


Үүнд:

1. Хөрсний ус үүсгээд байгаа эх үүсвэр буюу Номтын амнаас эх авч байгаа булгаас эхлүүлэн үер, ус зайлуулах суваг, шуудуу барьж хөрсний болон үерийн уснаас хамгаалах, бүр цаашлаад халиа үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлж ус шүүрүүлэх байгууламжийн зураг төсвийг боловсруулах


2. Зарим хэсэгт тухайлбал 226-р байр, Хүмүүн цогцолбор сургуулийн орчим ус шүүрүүлэх барилга угсралтын ажлыг эхлүүлэх


3. Хөрсний усаар дүүрсэн дулааны болон бохирын шугам сүлжээг зарим хэсэгт өргөтгөх, зарим хэсэгт насос байрлуулан худагт дүүрсэн усыг соруулах арга хэмжээг авч халаалтыг хэвийн явуулах


4. Голын урсгалыг шулуутган урсцыг сайжруулах арга хэмжээ авахаар шийдвэрлэв.



Холбоотой мэдээ