ХӨВСГӨЛ: Нийт газар нутгийн 40 орчим хувь нь цөлжилтөд өртсөн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-09-16 17:02:18

Мөрөн, 2024 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн нийт газар нутгийн 40 орчим хувь нь цөлжсөн байна.

Үүний 16,4 хувь нь эрчимтэй буюу цэгэн цөлжилттэй,  37,1 хувь нь сул эрчимтэй цөлжилттэй нь судалгаагаар гарсан гэдгийг Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтэн А.Цогзолсүрэн мэдээллээ.

 

Тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас цөлжилтийг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх цэгэн цөлжилттэй тэмцэх ажлуудыг эхлүүлсэн байна.


Тухайлбал бэлчээрийн цөлжилтийг багасгах зорилгоор Хөвсгөл аймгийн хүнс хөдөө аж ахуйн газар, Био бордоо компанитай хамтран малчдад бууцыг бордоо болгох туршилтыг өнгөрсөн хавар хийсэн байна.


Энэ нь хөрсний шим тэжээлийг нэмэгдүүлж цөлжсөн бэлчээрийн газарт ургамал ургах ач холбогдолтой юм.




Мөн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ойжуулалт, нөхөн сэргээлт, ойн зурвас байгуулах чиглэлээр нийт 1,161,957 ширхэг мод, бут тарьсан байна.


Голын татмыг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр  4000 ширхэг бургас тарьсан байна. 

Холбоотой мэдээ