БАЯН-ӨЛГИЙ: Эрт илрүүлгээр хортой хавдрын 11 тохиолдол илрүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий, 2024 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. ХААН Банк сан, Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран "Хавдрын эсрэг үндэсний аян"-ыг 2011 оноос орон даяар зохион байгуулж байгаа. Аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн 10 хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий аймгийн төвд 5 өдөр ажиллаж эрт илрүүлгийн үзлэг хийв.
Тухайн хугацаанд давхардсан тоогоор 1660 үзлэг хийснээс хортой хавдрын 11, хортой гэж сэжиглэгдсэн 33, хоргүй хавдрын 96 тохиолдлыг илрүүлжээ. Үзлэгийн явцад 73 эсийн шинжилгээ, 49 эдийн шинжилгээ, хоргүй авдар авах 7, бамбайн хавдрын 3 мэс засал тус тус хийсэн байна.
Мөн “Зонхилон тохиолдох хорт хавдрын эрт илрүүлэлт, оношилгоо, эмчилгээ” сэдэвт 1 багц цагийн сургалт болон ажлын байрны сургалт зохион байгуулж, 67 эмч мэргэжилтнийг хамруулжээ.
Ташрамд дурдахад, Баян-Өлгий аймагт өнгөрсөн онд хорт хавдрын 169 тохиолдол бүртгэгдсэн. Хорт хавдрын тохиолдлын тоо сүүлийн дөрвөн жил дараалан өссөн бөгөөд 2020 онтой харьцуулахад 41 тохиолдлоор нэмэгдсэн байна.
2023 онд хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн 19 нь нэгдүгээр үе, 27 нь хоёрдугаар, 82 нь гуравдугаар, 41 нь дөрөвдүгээр үе шатанд оношлогджээ. Хорт хавдрын өвчлөлийн гурав болон дөрөвдүгээр үе шатанд оношлогдсон иргэдийн тоо нийт тохиолдлын 73 хувийг эзэлсэн байна.
Хорт хавдрын шинэ өвчлөлийг сумаар нь авч үзвэл, аймгийн төв Өлгий суманд хамгийн олон буюу 69 тохиолдол бүртгэгдсэн. Үүний дараа Улаанхус (12), Сагсай (11), Ногооннуур (10), Дэлүүн (9), Алтай (9), Толбо (9), Цэнгэл (8) сум орж байгаа.
Баян-Өлгий аймагт
зонхилон тохиолдох хорт хавдрын өвчлөлийг элэгний хорт хавдар тэргүүлдэг.
Өнгөрсөн онд элэгний хорт хавдраар 40 иргэн өвчилсөн. Үүний дараа ходоод (39
тохиолдол), улаан хоолой (20 тохиолдол), уушги (3 тохиолдол), умайн хүзүүний (2
тохиолдол) хорт хавдар тус тус орж байна.