ӨВӨРХАНГАЙ: Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг хамгаалах асуудлыг симпозиумаар хэлэлцэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2024 оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Энэ
жил Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг дэлхийн өвд бүртгүүлсний
20 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд “Дэлхийн өв - Түүх, соёлын дурсгалт
газрын хадгалалт, хамгаалалт” сэдэвт Монгол - Японы соёлын өвийн симпозиум өнөөдөр Улаанбаатар хотноо Чингис хаан Үндэсний музейд эхэллээ.
Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах, дэлхийн өвийн газар нутагт оршиж буй барилга архитектурын соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах асуудлыг тус симпозиумаар хөндөх юм.
Мөн Япон Улсын соёлын дурсгалт газарт хэрэгжиж буй археологийн малтлага, соёлын өвийн хадгалалт хамгаалалт болон эртний хотын туурь, уран барилга, үл хөдлөх дурсгал оршиж буй газрын хууль эрх зүйн орчин, хот төлөвлөлт, аялал жуулчлалын менежмент, эртний барилгын сэргээн засварлалттай танилцах, туршлага судлах зэргээр хоёр орны соёлын өвийн салбарт урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлж байгаагаараа энэ үйл ажиллагаа онцлог юм.
Монгол - Японы соёлын
өвийн симпозиумыг зохион байгуулах
ажлын багийн даргаар Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч О.Сумъяасүрэн, нарийн бичгийн даргаар Монголын Соёлын өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн
засварлалтын холбооны Тэргүүн доктор (Ph.D) О.Ангарагсүрэн, Өвөрхангай аймгийн
Соёл, урлагийн газрын Соёл, урлагийн хэлтсийн дарга доктор (Ph.D) Л.Пүрэвлхам
нар ажиллаж байна.
Аймгийн ХДТ-ын дэргэдэх Өсвөрийн морин хуурын чуулга Японы ардын урлагийн бүтээл болох XVIII зуунд зохиосон “Ко Жо Но Цуки” дуу, Төрийн хошой шагналт хөгжмийн зориолч Н.Жанцанноровын "Монгол аялгуу" бүтээлээр мэндчилгээ дэвшүүллээ. Үдээс хойш морин хуурын чуулгын бүтээлээс түүвэрлэн тоглоно. Симпозиум хоёр өдөр үргэлжилнэ.