СЭЛЭНГЭ: Алдарт хүлэг Эрдэнэвангийн Буган халиун

ӨВ СОЁЛ
otgontsetseg@montsame.mn
2024-07-17 20:26:31

Сүхбаатар, 2024 оны долоодугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Газар тариалангийн элит сум Сэлэнгэ аймгийн Цагааннуур алдарт Буган халиун хурдан хүлгийн туурайн тоос боссон нутаг юм.

 

Монгол даяар алдар нь түгсэн алдарт хурдан хүлгүүдийн нэг бол Эрдэнэвангийн Буган халиун юм. Буган халиун хязаалан нас хүртлээ нутагтаа уралдсан бөгөөд хязаалан насанд нь Богд эзэн хаанд өргөж барьснаас хойш түүний нэр дээр уралдаж эхэлжээ.

 

Буган халиун бүрэн бус мэдээгээр даншиг наадамд 10 гаруй удаа, бусад наадамд хорь гаруй удаа түрүүлсэн гэдэг.

 

Алдарт хурдан хүлэг Буган халиун Их Шавийн ноён Номун ханы отгийн баян Гончиг даамлын хүү Буян заан хэмээх хүний адуун сүрэгт төржээ. Энэ нутаг нь одоогийн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум юм.

 

Буган халиун хүлэг нь хурдан морины бүх шинжийг өөртөө багтаасан хүлэг байсан тухай аман домог их байдаг.

 

Тэрээр нас ахисан үедээ төрөлх нутагтаа тэмцэн хахир хавраар гүйж яваад одоогийн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт хүрч сульдаж ядрахын үед баян Гомбожав хэмээх айлын уяан дээр ирж зогсоод босоогоороо амьсгал хураажээ.  

 

Түүнийг таньсан нутгийн олон ихэд харамсан түүний толгойг хүндэтгэн залж төрөлх нутаг Товхонхан уулын их овоон дээр хүргэж тавьсан гэсэн домог яриа бий.

 

Буган халиун ажнайн хөшөөг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын төвд босгосон бөгөөд Сэлэнгэ аймгийн Морин спорт уяачдын холбоог “Буган халиун” уяачдын холбоо хэмээн нэрлэж, түүнийг алдаршуулсан байна.

 

Холбоотой мэдээ