Ойн тухай болон ан амьтны тухай хууль зөрчсөн 26 тохиолдол илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-10-10 19:00:25

Увс аймгийн МХГ-аас Улаангом, Тэс, Зүүнхангай, Өндөрхангай, Баруунтуруун, Цагаанхайрхан сумдад хууль бус мод бэлтгэл болон хууль бус ан агнахтай холбоотой хяналт шалгалтыг өнгөрсөн 2-р сараас энэ сарын 1-ийг хүртэл гурван үе шаттай хийжээ.

Шалгалтаар ойн тухай болон ан амьтны тухай хууль зөрчсөн 26 зөрчил илрүүлэн 16 зөрчилд нь албан шаардлага хүргүүлж, 8 зөрчилд хуулийн дагуу арга хэмжээ авсан байна. Энэ хүрээнд 21,3 м3 модыг хураан авч улсын орлого болгосноос гадна 7 иргэнийг 4,4 сая төгрөгөөр торгож, 1 албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, 1 сая 920 төгрөгөөр торгожээ. Мөн зэрлэг гахай, тарвагыг хууль бусаар агнах зөрчил их гарсаар байгаа аж.

“Зөвшөөрөлгүй мод бэлтгэх, эрхийн бичгээсээ хэтрүүлэн их хэмжээгээр мод бэлтгэх зөрчлүүд ихээр гарч байна. Хуулийн дагуу түлш, хэрэглээний модны дээд хэмжээг жил бүр шинэчлэн тогтоодог. Энэ жилийн тухайд Цагаанхайрхан, Өндөрхангай сумдын ойн нөөцөөс түлшний 1300 м куб мод, хэрэглээний 550 м куб мод бэлтгэх зөвшөөрөл олгосон. Энэ дагуу тухайн сумдад мод бэлтгэх эрх бүхий нөхөрлөл, аж ахуйн нэгжүүдээс иргэд хэрэгцээний модоо худалдаж авах юм” хэмээн аймгийн МХГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Рина хэллээ.

Увс аймаг Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ