ОРХОН: Ойн үрийн талбайг тусгаарлаж болц, нөөцийг тодорхойлно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-12-02 13:41:02

Баян-Өндөр, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Эрдэнэт үйлдвэрийн Ногоон хөгжлийн төслийн нэгжийн санаачилгаар ойн үрийн талбай тусгаарлах, үрийн болц, үрийн нөөц тодорхойлох онол, дадлага хосолсон сургалт, хэлэлцүүлгийг өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгууллаа. 


Сургалт, хэлэлцүүлэгт Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн Байгаль орчны газар, сум дундын ойн анги, Онцгой байдлын Ерөнхий газрын 123-р анги болон Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийн судлаач, мэргэжилтнүүд оролцов.


Монгол орны ойн үрийн цаашдын бодлого, судалгаа шинжилгээ, авах арга хэмжээ, ойн үрийн нөөц бүрдүүлэлт, үрийн байнгын болон түр талбай тусгаарлахад тавигдах шаардлага, үрийн эх модыг хэрхэн сонгох, ойн өвчин, хортон зэрэг өргөн сэдвээр танхим болон ойд онол, дадлага хосолсон тус сургалтад 60 орчим хүн хамрагдлаа. 


Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийн үрийн мэргэжилтэн, доктор, профессор Ким Юун Юүл үрийн байнгын талбай болон үрийн плантаци байгуулах туршлага, мөн Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийн мод үржүүлгийн талбайд хийж буй ажлын талаар танилцууллаа.


ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Г.Батсайхан ойн үрийн байнгын талбай байгуулахад тавигдах ерөнхий шаардлага, байнгын талбай сонгох, тусгаарлах, тэмдэгжүүлэх, арчилгаа, тооллого, хэмжилт хийх зэрэг онолын мэдлэгийг танхимын сургалтаар өгч, Булган аймгийн Хангал, Сэлэнгэ сумын нарсан ойд үрийн талбай сонгон тусгаарлах үзүүлэх сургалт зохион байгууллаа.


Цаашид үрийн байнгын талбай сонгон тусгаарлахын өмнө суурь судалгаа хийх, сайн чанарын үрийн нөөцтэй болох, түүнийг хадгалах, үрийн шинжилгээний ажлыг эрчимжүүлэх ажилд Эрдэнэт үйлдвэрийн Ногоон хөгжлийн төслийн нэгжийн Ойн генетик нөөцийн төв өндөр үүрэг хариуцлагатайгаар түүчээлэн оролцохоо энэ үеэр онцолсон гэж ХМОНХА-аас мэдээллээ. 




Холбоотой мэдээ