ДОРНОГОВЬ: Ховор ном буюу "Саран хөхөөний намтар"
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2024 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. XIX зууны их соён гэгээрүүлэгч Дулдуйтын Данзанравжаагийн зохиол “Саран хөхөөний намтар” жүжгийг өгүүлсэн ном Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын нэрэмжит Дорноговь аймгийн Төв номын сангийн фондод үнэт өв болон хадгалагдаж байна.
Жүжгийн зохиолыг анх 1959 онд 10 дэвтрийг академич Ц.Дамдинсүрэн сурвалжлан олж, оршил тайлбар бичин, монгол бичгээр 1962 онд 3000 ширхэг хэвлүүлж байжээ. Эдүгээ эл ном хуучин, ховор номын ангилалд багтаж уншигч олны хүртээл болж байна.
"Саран хөхөөний намтар" дуулалт жүжиг есөн бүлэгтэй. Жүжгийн зохиолын агуулгаас товч сийрүүлбэл, эрт цагт нэгэн хааны хөвгүүн, муу санаат шадар түшмэлтэйгээ хамт амьтны биед шилжин орох шидийг сурчээ. Тэд хамт явж байгаад нэгэн их нуурын хөвөөнд өөрсдийн биеийг орхиж дөнгөж амь хураасан хөхөө шувууны биед шилжээд холын холд зугаалан явна.
Гэхдээ муу санаат нөхөр буцаж ирээд өөрийн биеийг усанд хаяж үгүй болгоод хаан хөвгүүний биед хувилж хааны ордонд ирээд төрийн эрхийг баривч зовлон шаналалд автана. Харин хан хөвгүүн эргэж орших биегүй болсон тул хөхөө хэвээр үлдэж бусдад туслах, гэгээрэлд хүрэх замыг сонгодог тухай жүжигт гарна."Саран хөхөөний намтар" жүжиг нь Монголын театрын урлагийн анхны шанг татсан бүтээл гэж ярьдаг.
Эл жүжгийг тухайн үед Түшээт
хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу буюу одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл
сумын нутагт анх тоглосноос хойш 1920-иод оныг хүртэл Хамарын хийдэд олны хүртээл болгож байжээ. Жүжгийг амилуулахдаа 60 орчим
хүнийн бүрэлдэхүүнтэй нүүдэллэн явж тоглодог байсан баримт бий.