АРХАНГАЙ: Бор Бургастын рашаан олон өвчнийг анагаах чадалтай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙЭрдэнэбулган, 2024 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Бор бургастын хүйтэн рашаан нь Архангай аймгийн Төвшрүүлэх суманд өтгөн ойн гүнд байгалийн үзэсгэлэнт газар байдаг.
Улаанбаатараас 410 км, Цэцэрлэг хотоос 60 км, Төвшрүүлэх сумаас 18 км зайд бий.
Рашааныг анх Зая гэгээн энэ нутгаар газар нутаг үзэж явахдаа нээсэн хэмээн үздэг тул Гэгээнтний рашаан гэж нэрлэх болжээ.
Рашаан нь натри, кали, кальци, магни, гидрокарбонат, сульфат, хлор, зэргийн агууламжтай тул дотор эрхтнүүд болон үе мөч, даралт, хоолой, харшил, шүд, нүд зэрэг олон өвчнийг анагаах чанартай хүйтэн рашаан юм.
Байгалийн үзэсгэлэнт хүйтэн рашаан бүхий тус газрыг сумын тусгай хэрэгцээний хамгаалалтын бүсэд хамааруулдаг орон нутгийн өмчит газар юм.
Орон нутгаас байгалийн унаган төрх байдлыг алдагдуулахгүй, байгаль экологийн орчныг хамгаалахад бодлого үйл ажиллагаагаа чиглүүлдэг бөгөөд рашааны үйлчилгээний төлбөр хураамжийг сумын ИТХ-аар батлуулан мөрдөж байна.
Дурдвал,
1. Нэг шовгорын үнэ - 1 хоногт - сумын иргэд - 7000, бусад иргэн -10000 төгрөг
2. Нэг гэрийн үнэ - 1 хоногт - сумын иргэд - 10000 , бусад иргэн - 15000 төгрөг
3.Байгалийн баялагтай харьцсаны төлбөр - 7 хоногт 1 хүнээр 300 төгрөг
4.Хог хаягдлын хураамж - 7 хоногт \ шовгор, гэр, майхан\ - 2000 төгрөг
5. Машины зогсоолын хураамж - 1 хоногт - 500 төгрөг
6. Рашаан уух зориулалтаар хувь хүн гэр майхан барьж, газар ашиглах төлбөр - 1 хоногт - майхан - 2000, гэр - 3000 төгрөг гэж тогтоожээ.