Гадаад дахь монголчуудын 70 хувь нь магистр, докторын зэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-05-13 12:04:15

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт, гадаад дахь монгол иргэдийг эх орондоо эргэн ирж ажиллах, хилийн чанадаас улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах таатай нөхцөлийг бүрдүүлэхээр тусгасан.

Энэ хүрээнд төр, засгаас гадаадад байгаа иргэдэд түшиглэн улс орны хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэсэн бодлогын хэрэгжүүлж байна. Энэ сэдвийг хөндсөн “Brain drain to brain gain” хэлэлцүүлэг МУИС-д өнөөдөр боллоо.

Хэлэлцүүлэг уулзалтын талаар БШУЯ-ны Шинжлэх ухааны, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор Д.Баттогтохоос тодруулбал, бид Шинжлэх ухааны ажилтнуудын өдрийг тохиолдуулан Монголын Шинжлэх ухааны ажилтны II Их хурлын хүрээнд энэ 7 хоногт цуврал үйл ажиллагаа зохион байгуулж байна.


Улс орны идэвхтэй хөдөлмөр эрхлэх насны буюу ажиллах хүчний 6 хүн тутмын нэг нь гадаадад байгаа судалгаа гарчээ.




Хэлэлцүүлэг уулзалтаар гадаадын улс орнуудад ажиллаж, амьдарч, суралцаж буй монголчуудын шинжлэх ухааны салбар дахь хувь нэмрийн талаар хөндөн ярилцаж байна гэв. Тэрбээр, гадаадад эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж буй иргэдийн дуу хоолой, саналыг сонсох, тэдэнтэй хамтарч ажиллах “Цахим зөгий” төслийг танилцуулж байна гэлээ.


Монгол Улсаас гадаадын улс орнуудад 120 мянга орчим монгол иргэн ажиллаж амьдарч байна. Эдгээр хүмүүсийн 70-аас дээш хувь нь магистр, докторын зэрэгтэй оюуны чадамжийн хүмүүс байгаа нь судалгаагаар гарчээ. Тиймээс энэ нөхцөл байдлыг дүгнэн, ийм тооны оюуны хүчний нөөцийг ашиглах нь чухал байгааг хэлэлцлээ.


Холбоотой мэдээ