ОРХОН: Японы Улсын Элчин сайд М.Игавахара Орхон аймагт зочиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-04-28 11:32:02
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахараг Орхон аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал хүлээн авч уулзлаа.  


Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал хэлэхдээ, “Манай Орхон аймаг Япон Улсын зарим хоттой найрамдалт хамтын ажиллагаатай. 2018 онд Токамачи хоттой харилцаа тогтоож боловсрол, дэд бүтцийн салбарт хамтран ажиллаж хог ачих техник, сургуулийн ширээ, сандал, тоглоом зэргийг нийлүүлж байсан. Харин энэ удаа танай улсын Китакюүшюү хоттой хамтын ажиллагаатай ажиллах хүсэлтэй байна” гэсэн юм.  


Мөн хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр сургууль, цэцэрлэгийн хүртээмж багасч байгаа тул цаашид боловсролын салбарт хамтран ажиллахыг хүсэж байна гэлээ.


Үүний хариуд Элчин сайд М.Игавахара “Юуны өмнө энэ жил танай хотод анхдагч, илгээлтийн эзэд ирсний 50 жилийн ой тохиож байгаад баяр хүргэе. Манай улсын хотуудтай хамтын ажиллагаа тогтооход бид дэмжин ажиллах болно. Мөн боловсролын салбарт хамтран ажиллахад таатай байна” гэсэн юм. 



Холбоотой мэдээ