БАЯНХОНГОР: Хонгор нутгаас 12 генерал төрөн гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-04-26 11:00:26
Генералууд төрөлх нутагтаа /2022 он/

Баянхонгор, дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгаас түүхэндээ цэргийн дээд цолтон буюу алтан мөрдөстэй 12 генерал төрөн гарчээ.


Одоо ажиллаж байгаа болон бэлтгэл чөлөөнд гарсан генералууд:

Өлзийт сумын харьяат,  Хошууч генерал Ядамдоржийн  Пүрэвдорж 

Эрдэнэцогт сумын харьяат,  Хошууч генерал Загдсүрэнгийн  Болдбаатар  

Жаргалант сумын харьяат, Бригадын генерал Сүрэнхоролын Дашзэвэг 

Жаргалант сумын харьяат,  Бригадын генерал Мягмарсүрэнгийн  Эрдэнэдалай 

Заг сумын харьяат,  Бригадын генерал Доржпаламын Гэрэл 

Өлзийт сумын харьяат, Бригадын генерал Батсуурийн  Эрдэнэбат

Хүрээмарал сумын харьяат, Бригадын генерал Сийлээгийн  Ганбат

Бөмбөгөр сумын харьяат, Бригадын генерал Аюушжавын  Бат-Эрдэнэ болон Дэслэгч генерал Жүгдэрийн  Балжинням /Гурванбулаг сум/, Хошууч генерал Нямжавын Паль /Баацагаан сум/, Хошууч генерал Жанчивын Ишдорж /Баянлиг сум/, Хошууч генерал Пунцагийн Дэчин /Галуут сум/ агсан нарын 12 цэргийн дээд цолтон гурван бүсийн Хонгор нутгаас төрөн гарсан түүхтэй. 


Өлзийт сумын харьяат, Бригадын генерал Батсуурийн Эрдэнэбат Дэлхийн зарим орны энхийг сахиулагчдыг удирдахаар болсон нь Баянхонгорынхны өнөө цагийн бахархал болж байна.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш энэ оны нэгдүгээр сард хошууч генерал Б.Эрдэнэбатыг Кипр дэх НҮБ-ын Энхийг сахиулах хүчний командлагчаар томилсон. Ийнхүү Монгол Улсын Зэвсэгт хүчний генерал Кипр дэх НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа дэлхийн зарим орны цэргийн алба хаагчдыг нэгтгэн удирдахаар болсон нь Азийн орнуудын Зэвсэгт хүчний алба хаагчдаас анх удаа Монгол Улсын Зэвсэгт хүчний генерал энэхүү хариуцлагатай албанд томилогдсон түүхэн үйл явдал юм.



Б.Эрдэнэбат нь Монгол Улсын Зэвсэгт хүчинд 1996 онд Цэргийн их сургуулийг Ерөнхий цэргийн команд, штабын офицер мэргэжлээр төгссөнөөс хойш үүрэг гүйцэтгэж байна.


НҮБ-ын Либери дэх Энхийг сахиулах ажиллагааны бүсийн командлагчаар 2010-2011 онд, НҮБ-ын Өмнөд Судан дахь ЭСА-ны батальоны командлагчаар 2013-2014 онд, Зэвсэгт хүчний жанжин штабын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн даргын албыг 2014-2017 онд тус тус хашиж, Зэвсэгт хүчний жанжин штабын ахлах офицероор 2017-2018 онд, НҮБ-ын Өмнөд Судан дахь ЭСА-ны Өмнөд секторын штабын даргаар 2018-2019 онд, 2022 он хүртэл БНӨСУ-д явагдаж буй энхийг сахиулах ажиллагааны Жуба секторын командлагчаар ажилласан туршлагатай. Түүнчлэн Ирак, Сьерра-Леон, Косово, Судан, Өмнөд Судан зэрэг НҮБ болон Хойд Атлантын эвслийн байгууллагын энхийг сахиулах, энхийг дэмжих 8 удаагийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байжээ.


Сонирхуулахад, аймгийн Түүх угсаатны зүйн Музей найман танхимтай. Нэн эртний танхим, Угсаатны зүйн, Сав суулгын, Шашин, зан үйлийн, Алдартны танхим, Дүрслэх урлаг, уран сийлбэрийн, Уламжлалт зан үйлийн, мөн Генералуудын танхимтай. Генералуудын танхимд Хонгор нутгаас төрөн гарсан генералуудын эд хэрэглэл, дурсгалын дээжис хадгалагдаж байна.

Холбоотой мэдээ