СҮХБААТАР: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хувийн туслах ажилтныг бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-04-23 13:04:28

Баруун-Урт, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн амьдралд оролцоход нь чухал үүрэг гүйцэтгэх хувийн туслахын үйлчилгээг Сүхбаатар аймагт анх удаа Баруун-Урт сум нэвтрүүллээ.


Эхний ээлжинд арван иргэнийг хувийн туслах ажилтнаар бэлтгэжээ. Тус суманд хувийн туслах шаардлагатай 56 иргэн байна.


Баруун-Урт сумын ЗДТГ-аас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдсан иргэдэд хувийн туслах ажилтан үйлчилгээг нэвтрүүлэх шийдвэрийг өнгөрсөн жилийн ХБИ-ийн ээлжит чуулганы үеэр гаргасан байдаг. Энэ хүрээнд түгээмэл хөгжил төвтэй хамтран сумынхаа 10 иргэнийг хувийн туслах ажилтнаар бэлтгэх хоёр өдрийн сургалтад хамруулан гэрчилгээ олголоо. Өөрөөр хэлбэл арван иргэнийг түр ажлын байраар хангаж байна гэсэн үг. Цаашид мэдээж туслах ажилтнуудынхаа тоог нэмэгдүүлэх, энэ үйлчилгээг аймгийн хэмжээнд нэвтрүүлэх уриалга, санаачилгуудыг гарган ажиллана гэж сумын Засаг дарга Ж.Жавхаатөгс хэллээ.



ХБИ нийгмийн харилцаанд тэр бүр оролцдоггүй. Учир нь ихэвчлэн гэртээ ганцаараа үлддэгтэй холбоотой. Гарах гэхээр тэдэнд туслах хүн байдаггүй. Тиймээс тэдэнд хамгийн хэрэгцээт үйлчилгээ бол яалт ч үгүй энэхүү хувийн туслах юм. Энэ үйлчилгээ Улаанбаатар хот болоод зарим аймагт хэдийнэ нэвтэрсэн. Тэдний араас Баруун-Урт сум түүчээлэн ажиллаж байгаад таатай байна. Бид цаашид бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллах болно гэж Түгээмэл хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Н.Мөнхжаргал хэллээ.


Хувийн туслах ажилтан нь цагаар ажиллах боломжтой нэгэн байх ёстой бөгөөд цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бусдын адил бие даан амьдрахад, нийгмийн амьдралд идэвхтэй оролцоход нь дэмжлэг үзүүлэх юм

Холбоотой мэдээ