Хүүхдийн шилдэг зурагт ном шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-18 13:59:14

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Хүүхдийн шилдэг зурагт номыг Монголд анх удаа шалгаруулан зохиолч, зураачдыг алдаршуулах “Үлгэрч үнэгхэн” шагнал гардуулах ёслол энэ сарын 24-нд болно.


Монгол хэл дээрх хүүхдийн номын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой энэхүү үйл ажиллагааг “Лоринэт” сангийн дэмжлэгтэйгээр Азийн сангаас хэрэгжүүлж буй “Хамтдаа уншицгаая” төслийн хүрээнд зохион байгуулах юм. Хүүхдийн зурагт ном нь бага насны уншигчдын сэтгэлгээ хөгжихөд чухал ач холбогдолтой онцгой урлагт тооцогддог.


Зураг болон үгэн өгүүлэмж хослуулан амьдралын олон өнгө төрхийг хүүхдэд хүргэдэг зурагт ном бүтээгч уран бүтээлчдийг урамшуулан дэмжих зорилготой олон нэр хүндтэй шагналууд олон улсад байдаг. Харин Монголд анх удаа зохиож буй хүүхдийн шилдэг зурагт ном шалгаруулах ёслол нь чанартай зурагт номыг тодруулан, уншигчдад түгээхийн зэрэгцээ энэ салбарт ажиллаж буй зураач, зохиолчдын хичээл зүтгэлийг урамшуулан дэмжих зорилготой ажээ.


Энэхүү уралдаанд 90 гаруй бүтээл хүлээн авснаас “Шилдэг зурагт ном”, “Шилдэг зураглал”, “Шилдэг зохиол”, “Шилдэг шинэ зурагт ном”, “Шилдэг хэвлэгдээгүй зурагт ном” гэсэн таван төрөлд шилдгүүдийг тодруулах юм байна.

Холбоотой мэдээ