ХӨВСГӨЛ: Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдад 5 жил ажилласны нэмэгдэл олгоход анхаарч ажиллахыг хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-04-11 13:07:10

Мөрөн, 2024 оны дөрөвдүгээр  сарын 11 /МОНЦАМЭ/. МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат Хөвсгөл аймагт ажиллалаа.


Тэрбээр төрийн албан хаагчид, Ерөнхий боловсролын сургууль, сумын ҮЭ-ийн гишүүд, иргэд хөдөлмөрчидтэй уулзаж санал хүсэлтийг сонсон, МҮЭХ, Засгийн газрын Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээрийн биелэлт амжилттай хэрэгжиж буй талаар танилцууллаа.




Тухайлбал, Гурван талт улсын хэлэлцээрт тусгасан цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх, олон жил яригдсан бүсийн нэмэгдэл олгох шийдвэр хэрэгжиж эхэлсэн.  

Нийгмийн баялгийг тэгш хуваарилах үүднээс иргэдэд хувьцааны ноогдол ашиг олгосон, тэтгэвэр, нийгмийн даатгалын шинэчлэлийг хийсэн зэргийг онцолж байлаа.   



Уулзалтын үеэр иргэд цалин хөлс нэмсэнд, ялангуяа орон нутгийн нэмэгдэл, хувьцааны ноогдол олгож буйд талархал илэрхийллээ.

Цаашид төрийн албан хаагчдын орон сууцны асуудалд анхаарал хандуулах, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдад олгодог 5 жил ажилласны нэмэгдлийг төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдад мөн адил олгох хэрэгтэй байна.

Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, зарим байгууллагад цалин хөлс, орлого нэмэгдүүлэхэд аудитын шалгалт саад болдог асуудлыг шийдвэрлэх, Иргэний агаарын тээврийн салбарт ажиллаж байгаа бүх албан хаагчид орон нутгийн нэмэгдлийг ялгаварлалгүйгээр олгоход анхаарч ажиллах санал, хүсэлтүүдийг илэрхийлэв.

 

 

 

Холбоотой мэдээ