“Дисней+” нэг хаягаар олон хүн нэвтрэхийг хязгаарлана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-04-05 16:02:33

НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 5 /CNN/. Дисней компани хэрэглэгчдийнхээ тоо болон орлогоо нэмэгдүүлэх үүднээс Дисней+ стриминг үйлчилгээний нууц үгийг хуваалцаж хэрэглэхийг хязгаарлахаар төлөвлөж байна. 


Тус компанийн гүйцэтгэх захирал Боб Айгер пүрэв гарагт CNBC телевизэд ярилцлага өгөхдөө Дисней+” нь нэг хаягаар олон хүн нэвтрэх боломжийг ирэх зургаадугаар сараас зарим улс оронд хязгаарлаж эхлэх ба есдүгээр сараас хамрах хүрээг нь тэлнэ хэмээн ярьжээ.


Хэдийгээр Дисней+ болон Дисней”-н бусад стриминг үйлчилгээнүүдийн гэрээнд өөр хэрэглэгчийн нэр эсвэл нууц үгийг ашиглахаас урьдчилан сэргийлэх талаар тусгасан байдаг боловч төдийлөн хэрэгждэггүй байна. Иймээс тус компанийн стриминг үйлчилгээнүүдийн нэг болох Хулу хэрэглэгчдийн нэвтрэх мэдээллийг бусадтай хуваалцах боломжийг гуравдугаар сарын 14-нөөс эхлэн хязгаарлажээ.  


Өрсөлдөгч болох Нетфликс компани нууц үг хуваалцахыг зогсоосны дүнд хэрэглэгчдийнх нь тоо ихээхэн нэмэгдсэн байна. Өнгөрсөн тавдугаар сард уг шийдвэр хэрэгжиж эхэлснээр тус компани хоёрхон хоногийн дотор 100 мянган шинэ хэрэглэгчтэй болжээ. Ийм арга хэмжээг хэрэгжүүлэх нь Дисней”-н хувьд стриминг үйлчилгээнийхээ орлогыг нэмэгдүүлэхэд тус дөхөм болж магадгүй юм. Хэдийгээр Дисней+ одоогоор алдагдалтай ажиллаж байгаа боловч удахгүй ашиг олж эхэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тус компанийн удирдлага илэрхийлжээ. 

Г.Энхжин




 

Холбоотой мэдээ