Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл нүхэн гарц бүхий 15.3 км авто зам барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-04-03 14:00:55

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл нүхэн гарц бүхий автозам, гүүр, гүүрэн байгууламжийг барьж байгуулах асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар холбогдох сайд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа. 


Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан ахалж, зарим сайд гишүүнээр ажиллах юм. Нарийн бичгийн дарга нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч байх юм.


Захирамжийн хэрэгжилтийн явц, дүнг Засгийн газрын хуралдаанд 14 хоног тутамд танилцуулахыг ажлын хэсгийн даргад Ерөнхий сайд үүрэг болголоо. Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэлх нүхэн гарц бүхий 15,3 км авто замын урьдчилсан судалгаа хийж байгаа аж.


Холбоотой мэдээ