Гар утас үйлдвэрлэгч “Шяоми” компани цахилгаан автомашины зах зээлд өрсөлдөж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-03-29 17:30:53

БЭЭЖИН, 2024 оны гуравдугаар сарын 29 /CNN/. Хятадын “Шяоми” компани олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байсан цахилгаан машин болох шинэ седан загварын “Speed Ultra 7” /SU7/ автомашинаа Бээжин хотод пүрэв гаргийн орой албан ёсоор худалдаанд гаргалаа.


Компанийн гүйцэтгэх захирал, ухаалаг гар утасны брэндийг үүсгэн байгуулагч Лэй Жуний ярьснаар, тус компанийн анхны цахилгаан машин Хятадад 215 900 - 299 900 юаниар /29 874 - 41 497 ам.доллар/ зарагдана. Өөрөөр хэлбэл, үнийн хувьд Хятадад 245 900 юаниас эхэлдэг “Тесла”-гийн “Model 3” седанаас 4000 доллараар хямд гэсэн үг.


Энэ долоо хоногийн эхээр Лэй Жунь SU7-г 500 мянган юаниас /69 180 ам.доллар/ доош үнэтэй “хамгийн үзэмжтэй, жолоодоход хялбар, ухаалаг машин” болгохыг хүсэж байгаагаа хэлж байлаа. “Шяоми" компани Порше, Тесла-гийнхтай харьцуулахуйц мөрөөдлийн машин зохион бүтээхийг эрмэлзэж байна гэж тэрбээр Вэйбо хуудсандаа бичжээ.


“Шяоми” урьд нь шинэ машинаараа дээд зиндааны хэрэглэгчдийн сонирхлыг татахыг эрмэлзэж байгаагаа мэдэгдэж байсан юм. Автомашины үнийн хувьд гадаадын машинуудтай өрсөлдөхүйц байгаа нь илт харагдана. Импортоор оруулж ирсэн “Порше”-гийн Taycan машины үнэ Хятадад 898 мянган юань буюу 124 248 ам.доллараас эхэлдэг бол “Тесла”-гийн дээд зэрэглэлийн цахилгаан седан загвар болох Model S-ийн үнэ 698 900 юань буюу 96 700 доллараас эхэлдэг. 


Хятадад цахилгаан машины үнэ дэлхийн бусад орнуудаас хавьгүй хямд байдаг. Жишээлбэл, “Би-Вай-Ди”-гийн хамгийн боломжийн үнэтэй загвар болох Seagull нь ердөө 69 800 юанийн /9658 ам.доллар/ үнэтэй. 


“Шяоми”-гийн SU7” загвар нь бүрэн цэнэглэснээр 700 км зайг туулдаг гэдгээрээ Тесла-гийн Model 3-ын туулах чадвар сайтай хувилбараас илүү ажээ


SU7-гийн захиалгыг Бээжингийн цагаар оройны 22:00 цагт авч эхэлснээс хойш ерөө 27 минутын дотор захиалагчдын тоо 50 мянгаас давжээ. Шинэ машиныг танилцуулах үйл ажиллагаанд Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч хэд хэдэн компанийн үүсгэн байгуулагчид, гүйцэтгэх захирлууд оролцжээ


Хятадад автомашины салбарын өрсөлдөөн ширүүсэж буй энэ үед “Шяоми” томоохон амбицтайгаар энэ зах зээлд хөл тавьж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд төрөөс их хэмжээний татаас авдаг өрсөлдөгчдийн тоо ихээхэн нэмэгджээ. Дэлхий даяар одоогийн байдлаар 200 гаруй томоохон компани бүрэн цахилгаан хөдөлгүүртэй болон хос хөдөлгүүртэй автомашинуудыг үйлдвэрлэж байна.


Гэтэл өнгөрсөн онд хэрэглэгчдийн эрэлт суларсан тул компаниуд борлуулалтаа нэмэгдүүлэхийг оролдсоноор үнийн дайн дэгдсэн байна. Албан ёсны статистик мэдээгээр 2023 онд дундаж ашгийн хэмжээ 5 хувь болж буурчээ. Улмаар салбарын хамгийн том тоглогч болох “Би-Вай-Ди”-гийн борлуулалт саарсны улмаас улирлын ашгийн өсөлт нь сүүлийн хоёр жилд үзэгдээгүйгээр суларсан байна.


Ухаалаг утас, цахилгаан бараа үйлдвэрлэгч гэдгээрээ нэрд гарсан “Шяоми” компани 2023 оны сүүлчийн улиралд дэлхийн болон Хятадын ухаалаг утасны борлуулалтын 13 хувийг эзэлснийг “Counterpoint Research” төвийн судалгаа харуулжээ. Бүтэн жилийн үйлдвэрлэлийн хэмжээгээр тус компани Хятадад тавдугаарт бичигдсэн байна. 2021 онд “Шяоми”-гийн удирдлага ухаалаг цахилгаан машин үйлдвэрлэгч охин компанидаа ирэх 10 жилийн хугацаанд 10 тэрбум долларын хөрөнгө оруулахаа зарлаж байсан билээ.

Холбоотой мэдээ