ГОВЬ-АЛТАЙ: Төрийн албаны зөвлөлийн ажлын баг Говь-Алтай аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-03-28 15:40:53

Говь-Алтай  2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 43 дугаар тушаалаар байгуулсан ажлын баг Говь-Алтай аймагт өнөөдөр ажиллаж байна. 


Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн Б.Идэрчулуун, Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ тэргүүтэй ажлын багийн төлөөллийг хүлээн авч уулзаж, Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан хяналт, шалгалтын мөрөөр авсан арга хэмжээний хэрэгжилтийн талаар мэдээлэл авч, хуулийн хэрэгжилтийг сайжруулах асуудлаар харилцан санал солилцлоо. 


Ажлын багийнхан тус аймгийн төрийн албан хаагчдын төлөөллийг оролцуулсан сургалтыг зохион байгуулж, 500 гаруй төрийн албан хаагчийг хамруулав. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн шаардлагад нийцүүлэн өмнө ажиллаж байсан ёс зүйн зөвлөлүүдийг өөрчилж зохион байгуулах ажил орон даяар өрнөж буй.


Ажлын баг аймгийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төрийн албаны салбар зөвлөл, ёс зүйн дэд хорооны албан хаагчдын ажилтай танилцаж, тодорхой чиглэлүүдээр хяналт, шалгалт хийн, мэдээлэл, зөвлөгөөг өгч байна хэмээн Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ