Нийслэлийн авто замд 63.5 тонн бодис, 12.5 тонн давс цацжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Нийслэлийн нийтийн эзэмшлийн авто зам, гудамж талбайн цас цэвэрлэгээнд Хот тохижилтын газар, дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компани болон гэрээт аж ахуй нэгж, байгууллагууд авто зам, гудамж талбай, уулзвар, замын өгсүүр, уруу хэсэгт тусгай зориулалтын бодис, давс цацаж, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж байна.
Чингэлтэй дүүргийн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан хоёр байгууллагын 100 гаруй ажилтан тусгай зориулалтын зургаан автомашин, нэг экскаватор, нэг автогрейдэр, хоёр ковш, хоёр шүүрдэгчтэйгээр ажиллаж, 25 тонн бодис, таван тонн давс цацжээ.
Харин Баянзүрх дүүргийн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан гурван байгууллагын 205 орчим ажилтан давс бодис цацагч, шүүрдэгч, хусагч, цас тээвэрлэх тээврийн хэрэгсэл зэрэг нийт 40 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, нийт 230 км урт авто замд 40 тонн бодис цацаад буй.
Нийслэлийн хэмжээнд нийт 465 албан хаагч тусгай зориулалтын 52 машин техниктэйгээр ажиллаж байгаа бөгөөд зам талбайн цэвэрлэгээ, давс, бодис цацах ажил үргэлжилж байна. Одоогоорр авто зам, гудамж талбайд нийт 63.5 тонн бодис, 12.5 тонн давс цацаж, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллаж байгаа юм.
Ташрамд дурдахад, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн давааны замд их хэмжээний цас орж, халтиргаа гулгаа үүссэн тул түр хугацаанд хөдөлгөөнийг хязгаарласан байна.