Хөлийн гол орчимд шуудуу татаж, урсцыг нэмэгдүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн XI хороо, Хөлийн голын дагуу суурьшсан айл өрхийн гэр, байшин, аж ахуйн нэгж, байгууллагуудын хашааг шар усны үерт өртөх эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авч байна.
Тодруулбал, Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Геодези, усны барилга, байгууламжийн газрын нийт 32 албан хаагч 13 техниктэйгээр хоёр метр өргөн, 600 метр суваг, шуудуу татаж, урсцыг нэмэгдүүлжээ.
Ингэснээр тухайн байршилд 30 гаруй айл өрхийг шар усны үерт өртөх эрсдэлийг бууруулж, шар усны үерээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэн, найман айлыг нүүлгэн шилжүүлж, хоёр өрхийн найман иргэнийг “Шижир” амралтын газарт шилжүүлэн байрлуулсан байна.
Мөн тус дүүргийн ерөнхий
боловсролын 126 дугаар сургуулийн орчимд тогтсон усыг хоёр автомашинаар
соруулж, 40 гаруй тонн ус
зөөвөрлөжээ.
Хонхор өртөөний төмөр
замын нүхэн гарцаар шар усны үер урсаж иргэд, оршин суугчид явган болон суудлын автомашинаар зорчихдоо сэрэмжтэй байхыг холбогдох албаныхан анхаарууллаа.