ДОРНОГОВЬ: Монголын анхны газрын тосны үйлдвэр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-03-04 14:32:53

Сайншанд, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн нутагт Монгол Улсын хөгжил дэвшилд гүнзгий мөрөө үлдээсэн түүхэн газрууд цөөнгүй бий. Энэ удаа Монголын анхны хүнд үйлдвэрийн төв болж байсан Зүүнбаянгийн газрын тосны үйлдвэрийн тухай тоймлон хүргэхээр бэлтгэлээ.


Дэлхийн хоёрдугаар дайны халуун цэгт фашист германы эсрэг тулалдаж явсан Зөвлөлтийн генерал Власов армиа  аргагүйн эрхэнд бууж өгөх тушаал буулгаснаар эх орноосоо урвасан гэх хатуу ялд унахад тэдний цөллөгийн газар Монголын Дорнын хязгаар нутаг болжээ. Зүүнбаянд ирээдүйн нефтийн үйлдвэрийг босгохоор оросын хоригдол цэргүүд өдөр шөнөгүй, хөлс хүчээ дуслуулан ажиллаж байлаа.


Хот байгуулахад эхлээд шугам хоолой, усны шугамыг барьсан бөгөөд Олзворын хонхроос нефтийн туслах агуулах руу явах шугам, машин завод руу ирэх гээд барилгын иж бүрэн магистрал шугамыг хоригдлууд барьжээ. 1951 оны 12 дугаар сарын 25-нд маршал Х.Чойбалсан Зүүнбаянд ирж Олзворын хонхорт хамгийн анхны нефть олборлох төхөөрөмжийн товчийг дарснаар Монголд нефть үйлдвэр ажиллаж эхэлснийг дэлхий дахинд тунхагласан байдаг. Газрын тос боловсруулах үйлдвэр 1950 оны 12 дугаар сард ашиглалтад орж тухайн ондоо 209.4 тонн тос олборлосон бол 1951 онд энгийн нэрлэгийн байгууламж, 1952 оноос дулааны крекинг байгууламж, мөн оны сүүлчээр коксын байгууламж ашиглалтад оржээ.


1957 оны тавдугаар сард ЗХУ-ын Москва хотод болсон Монгол, Зөвлөлтийн Засгийн газар хоорондын хэлэлцээрээр “Монгол нефть” трестийн Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийн цогцолборыг манай улсад үнэ төлбөргүй шилжүүлэхээр шийдвэрлэсэн төдийгүй нефтийн үйлдвэрийн цогцолборыг Монгол Улсад шилжүүлэх хоёр улсын комисс томилогдоход Зөвлөлтийн талаас ЗХУ-ын Нефтийн үйлдвэрийн яамны орлогч сайд В.И.Кулявин, Монголын талаас БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Г.Балжид даргалсан тухай түүхийн хуудсанд бичиглэн үлдээжээ.

Холбоотой мэдээ