ЗАВХАН: Их газар хөдлөлтийн ул мөрийг Бүст нуурын бүсээс үзэж болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-02-24 15:05:13

Улиастай, 2024 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/.

Бүстийн цэнхэр нуураа санаад байна.
Бүртийж хоцорсон ээжээ үгүйлээд байна ... хэмээн дуунд мөнхөрсөн Бүст нуур олон түүхийн ул мөрийг хадгалдаг.


Завхан аймгийн Тэлмэн суманд оршдог, эргэн тойрон модтой уулсаар хүрээлэгдсэн, дундаа том арлан уултай, усны шувууд чуулсан байгалийн үзэмж төгөлдөр нуур бол Бүст юм.


Далайн түвшнээс дээш 2041 м өндөрт оршдог, 21.9 хавтгай дөрвөлжин км талбайтай, 6 км урт, 4.2 км өргөн, 10 м гүн нуур юм.
Автомашины төв замаас зайдуу болохоор онгон дагшин байдлаа хадгалж үлджээ. Мөн нуурын хойд талаар 1905 оны их газар хөдлөлтийн үеэр үүссэн газрын гав, хагарал дайрч өнгөрдөг.


Бүст нуурын домог
Хотгойдын Шадар Ван Чингүнжав Манжийн цэрэгтэй байлдаж явахдаа Бүст нуурын олмыг мэддэг учир нуурыг гаталж нуурын гол дахь ууланд очиж цэргүүдтэйгээ байрлаж байсан бөгөөд нуурын нэр, нуурын дундах Алтан тэвш уулын нэрийг ч Шадар ван хайрласан гэх түүх домог бий.


Урьд шадар ван Чингүнжав Ховдын цагаан түнгээс гарч Орос улсыг зорин манжийн цэргээс зугтаж явахдаа энд хоног тааруулсан гэдэг. Тэгээд өглөө босоход нь анчин гөрөөчнөөс айж үргэсэн ан амьтан нуурын мөсөн дээгүүр сүрэглэн нуурын дундах уул руу айсуй харагджээ.


Шадар ван өөрөө ч зугтан явсан тул айсан үргэсэн бүхнийг орогнуулан авардаг ачтай, тустай нуур юмаа хөөрхий хэмээн бишрээд өөдөө харсан сав гэж алтан тэвшээ дунд ууланд нь булж, товчлуур мөнгөн бүсээ нуурын мөсийг цоолж хийсэн гэдэг. Тэр цагаас л уг нуурыг Бүст нуур, дундах уулыг нь Алтан тэвш хэмээн нэрлэх болжээ.

Холбоотой мэдээ