Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2024-02-15 11:25:58

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий, Ховдын хойд хэсгээр өнөөдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.


Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр Монгол-Алтайн уулархаг нутгаар өнөөдөр, энэ сарын 16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна. Иймд үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэх нөхцөл бүрдэж байгааг малчид, иргэд, тээвэрчдэд онцгойлон анхаарууллаа.


2024 оны 2 дугаар сарын 16-20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.

Энэ сарын 16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд ихэнх нутгаар, 18-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -40...-45 градус, өдөртөө -25...-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -21...-26 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -8...-13 градус, бусад нутгаар шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -16...-21 градус хүйтэн байна.

Холбоотой мэдээ