“Амар байна уу 2024” үзэсгэлэн худалдааг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-01-23 17:30:22

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хоёр дахь жилдээ Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй "Амар байна уу 2024" үзэсгэлэн худалдааг нээлээ.


Үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 2000 орчим ЖДҮҮ эрхлэгч 15-20 мянган нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулж байна.


Үзэсгэлэнг нээх үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Нийслэлд 45 мянга гаруй ЖДҮҮ эрхлэгч үйл ажиллагаа явуулж, 600 мянга гаруй ажлын байр бий болгон, ДНБ-ий 5, экспортын орлогын 2.8 хувийг бүрдүүлдэг. Энэ тоог өсгөх боломж бий. "Амар байна уу 2024" үзэсгэлэн худалдаа нь нийслэл хотоор хязгаарлагдахгүй 21 аймгийн ЖДҮҮ эрхлэгчдийг дэмждэгээрээ онцлог. Өнгөрсөн жил аж ахуйн нэгжүүд 48.9 тэрбум төгрөгийн орлого олсон. Эх орондоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээрээ бэлэг барьж, идээ хүнсээрээ тавгаа засахыг уриалъя. Мөн эндээс олон аж ахуйн нэгж хамтын ажиллагаа эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.


Тус үзэсгэлэн худалдаа “Шинэ 100 айл” худалдааны төвд ирэх сарын 9 хүртэл өдөр бүр 9.00-20.00 цагийн хооронд ажиллах бөгөөд ЖДҮҮ эрхлэгчдээс түрээсийн төлбөр авалгүй, урсгал зардлыг нь НЗДТГ хариуцаж байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.



Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Ирэх жилээс энэ үзэсгэлэн худалдааг өргөн хүрээнд, олон улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байна. ЖДҮҮ эрхлэгчид бол улсын хэмжээний аж ахуйн нэгжийн 85 хувийг бүрдүүлж, ажлын байрыг олноор бий болгодог стратегийн чухал салбар” гэдгийг онцолж байлаа.


Хэнтий аймгийн “Сүүн биндэр” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Энх-Амгалан “Хоёр жилийн өмнө ах, дүүгийнхээ тусламжаар сүүний цех байгуулсан. Энэ жил хоёр дахь удаагаа үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Манайх 150 гаруй өрхөөс сүү авч, бүтээгдэхүүнээ хийдэг. Цаашид нэр төрлөө олшруулж, тогтмол үйл ажиллагаа явуулах зорилготой. Өнгөрсөн онд манай цех “Е-март”, “Номин сүлжээ дэлгүүрийн таван салбарт бараа, бүтээгдэхүүнээ борлуулж байсан бол энэ жил зөвхөн тус үзэсгэлэн худалдаагаар бүтээгдэхүүнээ борлуулж байна. Бүтээгдэхүүнийхээ 50 хувийг борлуулаад байгаа” гэжээ.  



 

Холбоотой мэдээ