Ааруул кг нь 25-35 мянган төгрөгийн үнэтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол түмний уламжлалт Цагаан сарын
шинийн 1-ний өдөр 2024
оны хоёрдугаар сарын 10-нд тохионо. XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу
жилийн босгон дээр цагаан идээгээрээ алдартай Архангай
аймгийн малчид нийслэлд бүтээгдэхүүнээ дэлгээд байна.
Нийслэлийн Тусгаар тогтнолын талбайд гарсан цагаан идээний худалдаанд ааруул кг нь дунджаар 25-35 мянган
төгрөгийн үнэтэй байна. Тодруулбал, Тариат сумын гүзээтэй шар тос кг нь
45 мянган төгрөг, тогооны өрөм жижиг нь 8000 төгрөг, том нь 30-35 мянган
төгрөг, хонины ээзгий кг нь 35 мянга, үхрийн ээзгий 30 мянга, бяслаг кг нь 40
мянган төгрөгийн үнэтэй байна. Хайлмаг кг нь 15-20 мянга, цагаан тос
кг нь 20 мянган төгрөг байна.
Их Тамир суманд хийж савласан
шар сүүний чихрийг худалдан авагч нар их сонирхож байна. 5-10 мянган төгрөгийн
үнэтэй савласан чихрийг иргэд бэлгэнд өгөхөд тохиромжтой, амттай байна хэмээн
худалдан авч байлаа.
Цагаан идээний худалдаанд Архангай
аймгийн 16 сумын малчид ааруул, ээзгий, өрөм, зөөхий,
шар тос, сүү, айраг зэрэг
цагаан идээгээр дагнасан худалдааг ийнхүү эхлүүлээд байна. Тэд уламжлалт арга технологиор боловсруулсан
экологийн цэвэр бүтээгдэхүүн, сүү, цагаан идээгээ малчны хотноос хэрэглэгчдийн
гарт шууд хүргэж байна. Энэ талаар Архангай аймгийн Цахир сумаас
ирсэн, малчин Г.Цэцэгбадамаас тодруулав.
-Өвөлжөө сайхан уу? Нийслэлд
худалдаа хийх зав чөлөө хэр гарч байна?
-Сайхан өвөлжиж байна.
Малаа оторт гаргасан. Хүүхдүүд суман дээр байгаа учир зав зай гаргаад л хотод
ирж цагаан идээгээ борлуулж байна. Энэ өвөл өнгөрсөн жилүүдийг бодвол цас ихтэй
байна.
-Энд та бүхнээс төлбөр
хурааамж авч байгаа юу?
-Одоохондоо төлбөр хураамж
аваагүй байна. Ер нь бол, цагаан идээгээ борлуулсны дараа авна гэж
ойлгосон. Манай худалдааг Нийслэл дэх Архангай аймгийн нутгийн зөвлөл, Чингэлтэй дүүргийн
Тамгын газартай хамтран зохион байгуулж ирсэн гэв.
Цагаан сарын идээгээ
базааж буй худалдан авагч Ч.Төмөрбаттай уулзвал, цагаан идээний олдоц жаахан
тааруу байна. Тавгийн идээний сүүн ааруул ховор, үнэ өндөр байна. Үнэ ханш ер
нь янз бүр байна. Жишээ нь, тавгийн идээ боов иж бүрнээрээ жижиг, томоос
шалтгаалаад 250-550 мянган төгрөгийн үнэтэй байна. Өссөн дүнтэй ч
байна, зарим нь өнгөрсөн жилийнхээрээ хэвээрээ байна гэв.
Цагаан идээний худалдааг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Нутгийн зөвлөл, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас хамтран 2017 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.