Өчигдөр говийн бүсийн өмнөд хэсгээр секундэд 11-13 метр хүрч ширүүсжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр, өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааныг мэдээлснээр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн өмнөд хэсгээр цасгүй, бусад нутгаар 0.0-37.0 см зузаан цас тогтсон байна.
Үүнээс хамгийн их нь Увсын Малчинд 37.0 см, Сагилд 32.0 см, Баруунтуруун, Давст, Хяргаст 30.0 см, Увсын Улаангом, Сэлэнгийн Бугантад 29.0 см, Зүүнговь, Завханы Баянтэс, Төв аймгийн Эрдэнэсантад 26.0-28.0 см, бусад хэсгээр 0.0-25.0 см цас тогтжээ. Ихэнх нутгаар салхи секундэд 2-7 метр, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр секундэд 11-13 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор өчигдөр буюу энэ сарын 18-ны шөнө 0,5-0,7 мм цас орсон. Салхи баруунаас секундэд 3-8 метр хүрчээ. Өчигдөр өдөртөө -12...-14 градус, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор -27 градус, бусад хэсгээр -20 градус хүйтэн хоносон байна.