“Мазаалай” наадмаар олон улсын мөсөн урлаачдын тэмцээн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-01-12 14:35:27

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас ээлжит мэдээллээ хийв. Энэ удаагийн хэвлэлийн хурлыг өвлийн аялал жуулчлалын эвент үйл ажиллагаа эхэлж буйтай холбогдуулан хийж, энэ оны 1-4 дүгээр сард зохион байгуулах аялал жуулчлалын арга хэмжээний хөтөлбөр гарсныг танилцууллаа.


Хамгийн ойрын үйл ажиллагаа нь Архангай аймагт өнөөдөр эхэлж буй “ARA Winter Land” өвлийн наадам, мөн нэгдүгээр сарын 14-нд буюу ирэх ням гарагт нийслэлийн “Скай ресорт” цаны баазад нээгдэх олон улсын “Мазаалай” цас мөсний наадам аж. Улаанбаатарт болох наадмын үеэр “Мазаалай” мөсөн хотхоныг нээнэ. Үүний өмнөх өдөр буюу бямба гарагт сэтгүүлчдийг уг хотхоны шөнийн гэрэлтүүлгийг үзэж сонирхохыг урьсан юм.

“Мазаалай” мөсөн хотхоныг олон улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, сурталчлах зорилгоор барьж байгуулан, нэн ховордсон, үндэсний бахархалт амьтнаар зарлаад буй мазаалайн нэрээр нэрлээд байна гэв. Мөсөн хотхонд 50 мазаалай дүрстэй баавгайг мөсөөр урласныг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дэд ерөнхийлөгч О.Мөнхнасан танилцууллаа.


Түүнчлэн хотхонд олон улсын мөсөн урлаачдын тэмцээнийг зохион байгуулахаар болж, одоогоор дэлхийн 12 орны 40 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлээд байна гэв. Мөн манай улсад ирээд буй дэлхийн "Nas Daily" багийн гишүүд оролцоно. Одоогоор тэд Булган аймгийг зориод байгаа. Архангай аймгийн өвлийн наадамд оролцоод, Улаанбаатарын мөсөн хотхонд ирнэ гэв.


Өвлийн аялал жуулчлалын дараагийн нэг том үйл ажиллагаа нь хоёрдугаар сарын 1-2-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулах “Түмэн тэмээний баяр” аж. Энэ талаар Өмнөговь аймгийн “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Н.Ариунсанаа хэлэхдээ:

-"Түмэн тэмээний баяр25 дахь жилдээ болно. Энэ баяраар өмнө нь тэмээний хурд хүч, спортод анхаарч байсан бол энэ жилээс тэмээний сүү, сүүн бүтээгдэхүүн, ноосон бүтээгдэхүүн, урлаг, энтертайнмент, “Ингэний айрагны баяр” зэрэг арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.


Ингэний сүүн бүтээгдэхүүн, тэмээний ноосон хувцас, бүтээгдэхүүнийг загвар өмсөгч нар танилцуулж, ингэ сааж, тэмээ гаршуулж, сургана. Мөн "Хурд" хамтлагийн "Би эх оронтойгоо адилхан" амьд тоглолт болно.

НҮБ-аас энэ оныг "Дэлхийн тэмээний жил" болгон зарласан учраас энэ жилийн наадмыг нэлээн онцлог зохион байгуулахаар төлөвлөж байна гэв. Цаашлаад энэ өвөл, хавар зохион байгуулах аялал жуулчлалын үйл ажиллагааг танилцуулвал:

  1. Хоёрдугаар сарын 15-18-нд Хөвсгөл аймагт мөсний загасчлалын “Хөвсгөлийн цом” олон улсын тэмцээн,
  2. Хоёрдугаар сарын 24-нд Өвлийн явган алхалтын фестиваль,
  3. Хоёрдугаар сарын 26-нд Улаанбаатар хотноо Аялал жуулчлалын олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт,
  4. Гуравдугаар сарын 2-4-нд Хөвсгөл аймагт "Хөх сувд" мөсний баяр, “Хөх баавгай хамгийн урт котокны үзүүлэн,
  5. Улаанбаатарт болох "Бүргэдийн баяр”,
  6. "Улаанбаатар цасны баяр,
  7. Ховд аймагт "Мөнгөн шагшуурга" мөсний баярыг зохион байгуулна.










Холбоотой мэдээ