Сонгуулийн хуулийг УИХ-д өргөн барихад бэлэн болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-07 13:47:18

МАН-ын санаачилгаар байгуулсан Сонгуулийн хуулийг боловсруулах олон намын ажлын хэсэг хуулийн төслөө УИХ-д өргөн барихад бэлэн болжээ. Энэ талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Су.Батболд, Ч.Улаан, Л.Цог болон А.Тлейхан нар мэдээлэл хийлээ.

УИХ-аас байгуулагдсан Сонгуулийн хуулийг боловсруулах ажлын хэсгийн ажил удаашралтай байгаа төдийгүй боловсруулах хууль батлах эсэх нь эргэлзээтэй байсан тул МАН Монгол Улсад бүртгэлтэй 22 улс төрийн намыг оролцуулсан “Үндэсний зөвшилцөл” уулзлатыг зохион байгуулсан. Сонгуулийн хуулийг боловсруулах олон намын ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргасан. Тус ажлын хэсэгт АН-аас бусад бүх намын төлөөлөл оролцсон хэмээн УИХ-ын гишүүн Су.Батболд мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.

УИХ-ын гишүүн Ч.Улаан, Дараагийн сонгууль ойртож байгаа тул хуулийн төслийг ойрын хугацаанд хэлэлцэж батлах хэрэгтэй. Хуулийн төсөлд санал авахаар Засгийн газар болон СЕХ-нд хүргүүлээд байгаа. Хариугаа яаралтай ирүүлэхийг хүсч байна. УИХ энэ хуулийг нэн яаралтай хэлэлцэж батлахыг шаардаж ажиллах болно” гэлээ.

Сонгуулийн хуульд доорх 8 өөрчлөлтийг оруулахаар төлөвлөсөн байна.

Нэгдүгээрт, Нэг тойрог, нэг мандаттай байх.

Хоёрдугаарт, Сонгуулийн хоорондын бүрэлдэхүүнийг зөвхөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдаар бүрдүүлж байсныг өөрчилж, тухайн тойрогт нэр дэвшигчээ дэвшүүлсэн улс төрийн нам, эвслийн төлөөллийг тэгш оролцуулах

Гуравдугаарт, Гадаад улсад суугаа иргэдийн санал өгөх боломжийг нэмэгдүүлж цахим хэлбэрээр бүртгүүлэх, санал өгөх зохицуулалт хийх.

Дөрөвдүгээрт, Санал тоолох автомат төхөөрөмжөөс гарсан дүнг гар аргаар давхар тоолж баталгаажуулах. Санал тоолох явцыг камераар хянаж, хэвлэл мэдээллийн байгууллагуудад ил тод нээлттэй харуулах

Тавдугаарт, Сонгуулийн хууль, тогтоомж зөрчсөн төрийн албан хаагчийг төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халах

Зургадугаарт, Сонгуультай холбоотой маргаан гомдол, нэхэмжлэлийг тухайн нутаг, дэвсгэрийн харьяалах захиргааны хэргийн шүүх зөвхөн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх

Долдугаарт, Нэр дэвших эмэгтэй гишүүдийн квотыг нэмэгдүүлж, 30 хувьд хүргэх

Наймдугаарт, Нэр дэвшигчдийн тэгш эрхтэйгээр өрсөлдөх боломжийг хангах үүднээс СЕХ нам, улс төрийн хүчнүүдийн хөтөлбөрийг нэгдсэн журмаар тараах.

Дээрх найман заалт нь сонгууль шударга явагдах үндэс болно гэж үзэж байгааг гишүүд хэлсэн юм.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд