АРХАНГАЙ: Усчин-аврагч Р.Оргилсайхан ажлын үзүүлэлтээрээ улсад тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-12-27 11:32:37

Эрдэнэбулган, 2023 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах салбарын усчин-аврагч, ахлах ахлагч Р.Оргилсайхан онцгой гавьяа байгуулсан алба хаагчаар шалгарч, улсын хэмжээнд тэргүүлжээ.


Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 118 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг үндэслэн 2018 оноос эхлэн Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад мөнгөн урамшуулал олгодог болсон. Тус шагналаар энэ жил Архангай аймгийн Эрэн хайх, аврах салбарын усчин-аврагч, ахлах ахлагч Р.Оргилсайханыг шагналаа.


Ахлах ахлагч Р.Оргилсайхан нь Онцгой байдлын албанд 22 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд 1142 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 780 хүний амийг авран хамгаалж, 120 буцалтгүй нэрвэгдэгчийг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ. Мөн гол, нуурын эргийн хамгаалалт, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Шүхрийн усан дээрх буулт, “Теротлан”-ы спорт сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний хамгаалалтад нийт 310 удаагийн үүрэг гүйцэтгэж, усанд живж байсан 250 иргэний амийг аварч, эмнэлгийн анхны тусламжийг үзүүлсэн байна.


Тэрбээр 2023 онд гамшиг, ослын 42 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, иргэд, аж ахуй нэгж, байгууллагын 85 автомашин, 450 орчим сая төгрөгийн эд хөрөнгө, 145 иргэний амийг авран хамгаалж, 5 буцалтгүй нэрвэгдэгчийг олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.


Онцолбол, усны ослын 13 удаагийн дуудлагаар ажиллаж, 5-20 метрийн гүнд 23 цаг 45 удаагийн шумбалт хийсэн бол Хотонт суманд усанд боогдсон 17 иргэн, 17 гэр, 3 автомашиныг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлж, хүнсний дэлгүүр болон цайны газруудын усыг бүрэн соруулж, лаг шаврыг зөөвөрлөн нийт 450 орчим сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан юм. Мөн аймгийн Эрдэнэбулган, Ихтамир сумын нутгаар олон хоног үргэлжилсэн борооны улмаас Тамирын голын усанд боогдсон 124 иргэнийг аюулгүй бүсэд зөөвөрлөн, голд суусан 81 автомашиныг татан гаргасан зэргээр үүргээ нэр төртэй биелүүлж байна.

Холбоотой мэдээ