Ахмад дайчин Ц.Чимэдцэрэнд ОХУ-ын ЭСЯ-наас хүндэтгэл үзүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Халх голын дайнд
фронтын сувилагчаар ажиллаж байсан Ц.Чимэдцэрэнд Монгол Улсад суугаа ОХУ-ын ЭСЯ-наас өнөөдөр хүндэтгэл
үзүүллээ.
Халх голын ялалтын 85
жилийн ой 2024 онд тохиож буй бөгөөд ирж буй шинэ оныг угтан 1939
оны Халх гол, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож байсан фронтын сувилагч, өдгөө 100 настай Ц.Чимэдцэрэнтэй ОХУ-ын ЭСЯ-ны Цэргийн атташе, хошууч генерал П.В.Петрунин уулзаж хүндэтгэл үзүүллээ.
Ц.Чимэдцэрэн нь 15 настай
байхдаа фронтын сувилагчаар ажиллахаас гадна Халх голын байлдаанд
гар бие оролцож явсан, цөөхөн үлдсэн амьд
гэрчийн нэг болж буй аж. Дорнод
аймгийн Баяндун сумын уугуул тэрбээр
дайны
жил сумаасаа Халх
голын дайнд оролцсон 16 буриад охидын нэг бөгөөд тухайн үед Баянтүмэнгийн цэргийн эмнэлэгт сувилагч,
угаагч, тогооч, индүүчин зэрэг ажлыг хийж байжээ. Өнөөдөр тэрбээр дайны талбарт эх
орныхоо төлөө амь бие хайрлалгүй тэмцсэн 16 сувилагч охидоос ганцаараа амьд
сэрүүн үлдээд байгаа нэгэн юм.
ОХУ-ын ЭСЯ-ны
Цэргийн атташе П.В.Петрунин Ц.Чимэдцэрэн гуайд хүндэтгэл үзүүлж, шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлж,
ОХУ-ын уламжлалт ёс заншлыг илэрхийлсэн гарын бэлэг гардуулав.