Денисовын агуйгаас 40 мянган жилийн настай титэм олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
odondarjaa@montsame.gov.mn
2023-12-26 12:22:42

НОВОСИБИРСК, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /TASS/. Археологичид 40 мянга орчим жилийн настай зүүлт чимэглэлүүдийг Алтайн нурууны Денисовын агуйгаас олжээ.


Хясаа, амьтны яс, шүд, арслан зааны соёо, чулуугаар хийсэн хүзүүний зүүлт, унжлага зэргийг олсон тухай ОХУ-ын ШУА-ийн Сибирийн археологи, угсаатны зүйн хүрээлэнгийн судлаач Максим Козликин мэдээлэв.


"Том хөхтөн амьтны чөмөгний ясаар урласан жижиг титмийн үлдэгдэл анх удаа олдлоо. Энэ бол ийм материалаар хийсэн титэм олсон анхны тохиолдол юм" гэж М.Козликин ярилаа.


Эдгээр гоёл чимэглэл нь Денисовын хүний шүд олдож байсан агуйгаас олдсон гэдгийг тэрбээр онцлов.


Өмнө нь Денисовын гурван хүний (нэг эмэгтэй хүүхэд, хоёр эрэгтэй) үлдэгдэл уг агуйгаас олдож байсан юм. Тодруулбал, Денисовын хүний нэг шүд, хурууны үлдэгдлийг агуйн хөрсний нэг давхаргаас, харин гурван араа шүдийг өөр давхаргуудаас 1984-2008 оны хооронд олсон ажээ.


Эртний хүмүүсийн өөр нэг төрөл болох Денисовын хүний хувьсал нь неандертальчуудынхаас 640 мянга орчим жилийн өмнө эхэлсэн гэж үздэг.

Холбоотой мэдээ