Бразил улс хойд хилийнхээ хамгаалалтыг бэхжүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-12-06 10:10:51

БРАЗИЛИА, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /Reuters/.  Эссекибо голын сав газрыг эзэмшихтэй холбоотой маргааны улмаас Венесуэл, Гайана улсуудын хооронд хурцадмал байдал үүссэн тул Бразилийн арми хойд хилийнхээ хамгаалалтыг бэхжүүлж байна гэж Батлан ​​хамгаалах яам мягмар гарагт мэдэгдлээ.


Венесуэлд ням гарагт Эссекибо бүс нутгийг өөртөө нэгтгэхийг дэмжсэн бүх нийтийн санал асуулга болсны дараа Венесуэл, Гайана улсуудтай хиллэдэг Рорайма муж улсын нийслэл Боа Виста руу Бразилийн арми хуягт машин болон нэмэлт цэргээ шилжүүлэн байрлуулж байна.


Асуудлыг тодруулбал, Гайана улсын нутаг дэвсгэрийн гуравны хоёрыг бүрдүүлдэг өтгөн ширэнгэн ойгоор бүрхэгдсэн 160 мянган хав. дөр. км энэ бүс нутагт сүүлийн жилүүдэд далайд газрын тос, байгалийн хий олдсоны дараа Венесуэл улс Эссекибог өөрийн газар нутаг хэмээн үзэх болжээ. 


Гайана нь Британийн колони байсан үеэс буюу XIX зуунаас хойш энэ бүс нутаг маргаантай байсан бөгөөд 1899 онд Парист болсон олон улсын шүүх хурлаар уг асуудлыг шийдвэрлэжээ. Венесуэл улс уг шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж 1962 оноос газар нутгийн маргаан дэгдээсээр байгаа ажээ.


Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын асуудлаарх Бразилийн тэргүүлэх дипломатч Жизела Падован хэлэхдээ  "Эссекибогийн ширэнгэн ой дундуур нэвтрэхэд бэрхшээлтэй байдаг учраас Венесуэл, Гайана хоёрыг холбосон гол зам нь Бразилийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг тул уг замыг аливаа цэргийн ажиллагаанд ашиглахыг Бразил улс хүлээн зөвшөөрөхгүй" гэжээ.


Ням гарагт болсон бүх нийтийн санал асуулгаар венесуэлчүүд газар нутгийн маргаантай холбоотой Олон улсын шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Эссекибо бүс нутагт Венесуэлийн шинэ муж улс байгуулахыг дэмжсэн юм.


Баасан гарагт шүүхээс тус бүс нутгийн статусыг өөрчлөх ямарваа оролдлого хийхийг хориглосон хэдий ч Ерөнхийлөгч Николас Мадурогийн засгийн газар бүх нийтийн санал асуулгыг зохион байгуулжээ.



 

Холбоотой мэдээ