Мидлинг, ангилж ялгасан нүүрс түлдэг аж ахуйн нэгжүүдэд технологийн шинэчлэл хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Хүйтний улирлын галлагаанаас үүдэлтэй амьсгалын замын өвчлөл, агаар, орчны бохирдлыг бууруулах, технологийн дэвшил, сайжруулалт хийх зорилгоор мидлинг болон ангилж ялгасан нүүрс түлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзаж, санал солилцлоо.
Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа, холбогдох албаныхан болон дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцлоо.
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Нийслэлд дулаан, уур үйлдвэрлэгч 174 уурын зуух ажилладаг. Үүний зарим нь мидлинг буюу угаасан нүүрс, зарим нь шигшсэн нүүрс хэрэглэж байна. Агаар, орчны бохирдлыг бууруулах болон хотын бусад асуудалд хамтын санаачилга, оролцоог нэмэгдүүлж, уурын зууханд технологийн шинэчлэл хийх талаар аж ахуйн нэгж, байгууллагуудтай зөвлөлдөж, санал солилцлоо. Түүхий нүүрс буюу шигшсэн нүүрс хэрэглэж байгаа уурын зуухнуудыг хамгийн боломжит хугацаанд газ болон агаарын бохирдол гаргахгүй цэвэр эрчим хүч рүү шилжүүлэх боломжийг судална. Мөн уурын зуухнаас гарч буй агаарын бохирдлыг багасгах үүднээс шүүлтүүр тавин, стандарт тогтооно. Ингэснээр уурын зуухнуудын агаарт ялгаруулж буй бохирдлын хэмжээг тухайн стандартад нийцүүлэх юм. Өөрөөр хэлбэл, бохирдлын хэмжээ нь тогтоосон стандартаас давж болохгүй” гэв.
УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж “Улаанбаатар хотын хэмжээнд дулаан, уур үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 19 аж ахуйн нэгж байдаг. Эдгээрээс гадна мидлинг түлдэг барилгын материал үйлдвэрлэгчдийн төлөөлөл уулзалтад оролцлоо. Хотын захын бүсэд байдаг хотхонууд болон Тэрэлж, Налайх орчимд байрладаг амралтын газруудын зуух тодорхой хэмжээнд асуудал үүсгэдэг. Уг асуудлаар аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөн, ирэх оны тавдугаар сарын 15-н гэхэд технологийн өөрчлөлт хийх, үнэ тариф, тээвэрлэлт болон орчны нөхцөлийг сайжруулан ажиллахаар болов. Аж ахуйн нэгжүүдийн хувьд төрийн зүгээс тодорхой санхүүгийн дэмжлэг үзүүлбэл технологийн дэвшил хийх боломжтойг онцолж байна. Тиймээс энэ талаар судлан, тодорхой зохицуулалт хийж, түлшний хэрэглээг өөрчлөх боломжтой” хэмээлээ.
Ташрамд, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хүрээнд тусгай зөвшөөрөлтэй 23, тусгай зөвшөөрөлгүй 279 аж ахуйн нэгжийн халаалтын 645 зуухны 489-ийг сайжруулсан түлш, баяжуулсан нүүрсний хэрэглээнд шилжүүлэх, төвлөрсөн дулаан, цахилгаан болон хийн халаалтад холбох байдлаар хэрэглээг нь өөрчилжээ. Ингэснээр 138,539 тонн түүхий нүүрсний хэрэглээг зогсоосон байна.