Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар нэг эрэмбэ ухарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-12-01 15:39:18

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилийнхээс нэг эрэмбэ ухарч, 64 орноос 63 дугаарт эрэмбэлэгдсэн байна.


Олон Улсын менежментийн хөгжлийн хүрээлэнгийн дэргэдэх Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс “Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2023”-ыг танилцуулсан юм. Тус тайланд манай улсын дижитал өрсөлдөх чадварын оноо өнгөрсөн онд 45.25 байсан бол, энэ онд 43.03 болж 2.22 оноогоор буурчээ. Үндсэн 3 бүлгээр харвал Монгол Улс “мэдлэг” бүлгийн эрэмбээ таваар ахиулж 56-рт, “технологи” бүлгийн эрэмбэ нэгээр буурч 61-рт эрэмбэлэгдэж, “ирээдүйд бэлэн байдал” бүлгээр өмнөх хоёр жилийн эрэмбээ хадгалсан байна.


Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2023-т Монгол Улс “Эмэгтэй судлаачид” шалгуур үзүүлэлтээр нэгдүгээрт, “Ухаалаг утас эзэмшигч” шалгуур үзүүлэлтээр 5-д, “Харилцаа, холбооны салбарын хөрөнгө оруулалт” шалгуур үзүүлэлтээр 11-рт, “Дээд боловсролын хамрагдалт”, “Өндөр технологийн экспорт” шалгуур үзүүлэлтээр 15-рт буюу хамгийн дээгүүр эрэмбэлэгдсэн юм.


Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайланд Ази, Номхон далайн 14 улс хамрагдсанаас Монгол Улс 14-рт, 20 саяас доош хүн амтай 37 улс хамрагдсанаас 37-рт, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 20 мянган ам.доллароос бага 24 улс хамрагдсанаас 23-рт эрэмбэлэгджээ.


Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь Монгол Улсын мэдээллийг нэгтгэн гаргадаг, албан ёсны түнш байгууллагаар хамтран ажилладаг бөгөөд 2023 оны тайлан нь “Мэдлэг”, “Технологи”, “Ирээдүйн бэлэн байдал” гэх гурван үндсэн бүлэг, 9 дэд бүлэгт хамаарах 54 шалгуур үзүүлэлтээр тооцоолжээ. Шалгуур үзүүлэлт нь статистик мэдээлэл, санал асуулга гэх хоёр эх үүсвэрээс бүрдсэн байна. Энэ жилийн тайланд 64 улс багтсан аж.


Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан нь Засгийн газар, бизнес, нийгмийн орчинд улсууд хэрхэн дижитал технологийн нээлт хийж технологид дасан зохицож байгааг харуулдаг. Дижитал өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр АНУ 100 оноогоор 1-рт эрэмбэлэгджээ. АНУ нь өнгөрсөн онд 2-рт эрэмбэлэгдсэн бол, өмнөх жилүүдэд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байв. Нидерланд 4 эрэмбэ урагшлан 2-рт, Сингапур нэг эрэмбэ өсөн 3-рт, өнгөрсөн оны тэргүүлэгч Дани 4-рт, Швейцар 5-рт, БНСУ 6-рт, Швед 7-рт, Финланд 8-рт, Тайвань 9-рт, Хонгконг 10-рт эрэмбэлэгдсэнээр дижитал өрсөлдөх чадвараараа дэлхийг тэргүүлж буй 10 улсыг бүрдүүлж байна. Харин Венесуэл, Монгол, Колумб, Аргентин, Ботсвана улсууд дижитал өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр сүүл мушгисан байна. 


Дижитал технологи, тэр дундаа хиймэл оюун ухааныг Засгийн газар, компани, хувь хүмүүст бүрэн нэвтрүүлэхэд тусалдаг улс орнууд энэ жилийн тайлангийн үнэлгээгээр тэргүүлснийг Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс онцолжээ.

Холбоотой мэдээ