“Могойнхон”-ны хүчээр модны хулгай багасч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-09-21 16:17:42

Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн “Могойнхон”-хэмээх ойн нөхөрлөлийн гишүүд хагас сарын хугацаанд байгалийн дагалт баялаг самар жимстэй харьцах хууль тогтоомжийг 200 гаруй хүнд сурталчлахын зэрэгцээ хяналт шалгалтыг олон удаа шөнө өдөр хийжээ.

“Ер нь 2015 оноос хойш хойд Могойн голоос модыг зөвшөөрөлгүй бэлтгэж худалдсан явдлыг удаа дараа илрүүлж, хүмүүст газар дээр нь хууль тогтоомжийг сурталчлан ойлгуулсны үр дүнд энэхүү бусармаг үйл ажиллагаа харьцангуй багасч байна”-гэж аймгийн БОАЖГ-ын мэргэжилтнүүд дүгнэж хэллээ.

Зарим хүн давтан үйлдсэн тохиолдолд модтой машиныг аймгийн Цагдаагийн журмын хашаанд хүргэж, торгууль ногдуулж байгаагаас мод зөвшөөрөлгүй унагах, айлын хашаа саравч хулгайлах асуудал үндсэндээ зогссон аж.

Хойд Могойн голын Цагаан чулуутын даваанаас Шар булууны нуруу хүртэлх 9500 метр хавтгай дөрвөлжин газрын хамгаалах эрх үүрэгтэй гэж тус нөхөрлөлийн ахлагч Н.Даваахүү танилцууллаа.

Энэхүү нөхөрлөлийн ажил үйлсийг Лондонгийн Зоологийн нийгэмлэгийн төслийн зохицуулагч ноён Хатан Конабой сайшааж, цаашдаа төслийн удирдлагадаа уламжлуулахаа дуулгасан байна.

Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ