АРХАНГАЙ: Энэ онд авто замын чиглэлээр 24.3 тэрбум төгрөгийн 12 ажлыг дуусгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-10-31 12:11:27

Эрдэнэбулган, 2023 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Архангай аймагт улс болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар 11 суманд авто замын 19 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна.


Үүнээс 2023 онд Чулуут сумын Улаалзайн даваа, Цохиотын давааны зам засвар, Тариат сумын төвийн 1.8 км хатуу хучилттай авто зам, Өндөр-Улаан сумын төвийн 7 км авто зам, Жаргалантын Бумбатын даваа, Улаан, Өлийн даваануудын замын засвар, Цэнхэр сумын “Зам зухалдах”-ын замын засвар, Эрдэнэбулган сумын Цагаан давааны ослын аюулгүйн зогсоол, Цэцэрлэг хот доторх авто замын хэвтээ тэмдэглэгээ, Янгиртай хясаа болон Онгоны аманд авто зогсоол, Цэнхэрийн гүүрнээс Эрдэнэбулган сумын 6 баг Хоршоолол руу чиглэсэн 14 км хатуу хучилттай авто зам, Тариат сумын Мөрөн багийн Дасгалын голын 36 метр урт төмөр бетонон гүүр зэрэг нийт 24.3 тэрбум төгрөгийн 12 ажлыг хийж дуусгаад байна.


Энэ оны сүүлээр Эрдэнэбулган сумын авто машины зогсоол, зам засвар, тохижилтын ажил, Өндөр-Улаан сумын Хануй голын 109.15 у/м төмөр бетон гүүрийг ашиглалтад авахаар төлөвлөж байна.

Холбоотой мэдээ