ОУАЭХА Японд судалгаагаа эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-10-24 17:53:01

ТОКИО, 2023 оны аравдугаар сарын 24 /NHK/. Олон улсын атомын эрчим хүчний агентлаг /ОУАЭХАЯпоны “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын /АЦС/ цэвэрлэсэн усыг далайд асгаж эхэлснээс хойших анхны судалгаагаа эхлүүллээ.


Тус байгууллагын төлөөлөгчид мягмар гарагт Токио хот дахь Гадаад хэргийн яамны байранд холбогдох яам болон станцын оператор “Tokyo Electric Power Company” компанийн төлөөлөгчид, бусад холбогдох хүмүүстэй уулзсан байна.


ОУАЭХА-ийн дэд тэргүүн Лиди Эврард хэлэхдээ, агентлагийн ажиллагаа усыг далайд асгаж дуусах үргэлжилнэ, манай байгууллага аюулгүй байдлын шалгалтыг шинжлэх ухаанд суурилсан, бие даасан байдлаар бодитойгоор хийнэ гэв. Мөн аюулгүй байдлын шалгалтын үр дүнг олон улсын хамтын нийгэмлэгтэй хуваалцаж, Японд болон бусад оронд итгэх итгэлийг бий болгоно гэж тэрбээр нэмж хэлжээ.


Их Британи, Өмнөд Солонгос, Хятад зэрэг 11 орны шинжээчдээс бүрдсэн НҮБ-ын цөмийн хяналтын байгууллагын баг Японд баасан гараг хүртэл ажиллах төлөвтэй байна. Хятад улсын хувьд цэвэрлэсэн усыг далайд асгахыг эсэргүүцэж байгаа юм. Багийн гишүүд станцын үйл ажиллагаатай танилцаж, цэвэрлэсэн усыг хэрхэн асгаж байгааг ажиглаж, мониторингийн судалгааны үр дүнг баталгаажуулахаар төлөвлөжээ. ОУАЭХА ойролцоогоор хоёр сарын дараа тайлангаа танилцуулахаар төлөвлөж байгаа ажээ.


АЦС-ын цэвэрлэсэн, шингэрүүлсэн усыг хоёр удаа буюу энэ оны 8, 10 дугаар сард далайд асгасан юм. Хуримтлагдсан усан дахь цацраг идэвхт бодисуудыг гадагшлуулахын тулд цэвэрлэсэн боловч тритий агуулагдсан хэвээр байна. Усыг далайд асгахаасаа өмнө оператор компани цэвэрлэсэн усан дахь тритийн агууламжийг ДЭМБ-ын тогтоосон ундны усны зөвшөөрөгдөх түвшний 1/7-д хүргэн багасгаж шингэрүүлжээ.

Холбоотой мэдээ