Венесуэлийн сөрөг хүчнийхэн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-10-23 15:02:52

КАРАКАС, 2023 оны аравдугаар сарын 23 /BBC/. Венесуэлийн сөрөг хүчин 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахаар анхан шатны сонгууль явуулж байна.


Ингэхдээ сөрөг хүчний намууд Ерөнхийлөгч Николас Мадурогийн ойрын холбоотны тэргүүлдэг Сонгуулийн үндэсний зөвлөлөөс тусламж авалгүйгээр санал асуулгыг зохион байгуулж байгаа ажээ.


2013 оноос хойш засгийн эрхийг барьж байгаа Н.Мадуро 2024 оны сонгуульд дахин нэрээ дэвшүүлэх төлөвтэй байна. Харин нэг хүнийг нэр дэвшүүлж түүнийг тойрч нэгдэн нягтарваас Мадурог ялах магадлал өндөр гэж сөрөг хүчнийхэн үзэж байна.


Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн ихэнх нь шоронд хоригдож байсан эсвэл нэр дэвших эрхээ хасуулсан тул сөрөг хүчний намууд өмнөх ерөнхийлөгчийн сонгуулийг эсэргүүцсэн юм. Гэсэн хэдий ч тэд 2024 онд оролцохоор төлөвлөж байгаа бөгөөд ялах магадлал бага байна.


Сөрөг хүчнийхэн анхан шатны сонгууль явуулах төлөвлөгөөгөө 2022 оны тавдугаар сард хэлэлцэж, мөн оны аравдугаар сард албан ёсоор зарлажээ. Гэвч уг сонгуулийг зохион байгуулах талаар тусламж хүссэн хүсэлтэд нь Сонгуулийн зөвлөл 2023 оны есдүгээр сар хүртэл хариу өгөөгүй бөгөөд засгийн газрыг дэмжигчид давамгайлсан тус байгууллага сонгуулийг 11 дүгээр сар хүртэл хойшлуулахыг санал болгожээ.


Харин сөрөг хүчин уг саналыг хүлээж авахаас татгалзаж, сонгуулийг өөрсдөө зохион байгуулж байгаа бөгөөд сонгогчид санал авах 3000 гаруй байранд саналаа өгөх боломжтой гэж мэдэгдсэн байна. Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр удаа өрсөлдөж байсан Энрике Каприлес, “Ард түмний хүсэл зориг” намын Фредди Суперлано, Копей намын Роберто Энрикес нар сүүлийн хэдэн долоо хоногт нэрээ татсанаар нэр дэвшигчдийн тоо 13-аас 10 болж цөөрчээ.


El Comersio сонинд мэдээлснээр, 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах сөрөг хүчний дотоод сонгуульд “Венте Венесуэл” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч, удирдагч, Үндэсний Ассамблейн /парламент/ гишүүн асан Мариа Корина Мачадо тэргүүлж байна.

Холбоотой мэдээ