МУИС-д япон хэлний хэлмэрчлэхүйн лабораторийг байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-10-20 16:17:20

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж /ODA/-ийн "Соёлын өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд “МУИС-ийн япон хэлний хэлмэрчлэхүйн лаборатори байгуулах төсөл”-ийн нээлт тус сургуульд энэ сарын 20-нд боллоо.   


Энэхүү төслөөр МУИС-ийн нэг ангийг япон хэлний хэлмэрчлэхүйн лаборатори болгон засварлахын хамт орчуулагчийн ур чадвар эзэмшихэд шаардлагатай тоног төхөөрөмжийг нэвтрүүлснээр япон хэлийг сонгон мэргэшиж буй оюутнуудад бодитоор, үр дүнтэй хичээллэх нөхцөл бүрдэх юм. 


Энэ үеэр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши хэлэхдээ, “Японы ард түмнээс өгч буй бэлэг болох энэ лабораториос монгол, япон хэлний орчуулагчдыг аль болох олныг төрүүлж, хоёр орны харилцааны хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээв.


МУИС-ийн захирал Д.Бадарч, “Энэхүү орчин үеийн технологи бүхий лаборатори нь япон хэл сурч буй оюутан залуучууд болон япон судлалыг Монголд дэлгэрүүлж буй эрдэмтэн багш нарт маш их боломжийг нээж өглөө. Энэ бол Монгол, Япон хоёр орны цаашдын хамтын ажиллагааг улам өргөжин бэхжих үндэс суурийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна” гэлээ.


МУИС-ийн Ази судлалын тэнхимийн багш Т.Болдбаатар хэлэхдээ, “Энэхүү лабораторийг байгуулснаар чанартай сайн хэлмэрч бэлтгэн гаргах боломж бүрдэнэ. Ингэснээр хоёр улсын харилцан ойлголцол, иргэдийн холбоо харилцааг гүнзгийрүүлэхэд ажиллах боловсон хүчин гарах юм. Түүний дам үр ашгийг ард түмэн хүртэнэ гэсэн үг. Нийт 260-аад сая төгрөгийн өртөг бүхий энэхүү лаборатори япон хэлний салбарын ангийн оюутнуудад зориулсан гэдгээрээ онцлог. Нэг ангид 30 оюутан суралцах боломжтой. Манай сургуульд 1-4 дүгээр түвшний орон сууц болон орчуулгын гэсэн хөтөлбөрт  нийт 160-аад оюутан япон хэлээр суралцаж байна” гэв.


Төслийн хүрээнд уг лабораторид дэлхийд орчуулгын системээрээ тэргүүлэгч “Bosch” брэндийн хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжийг суурилуулжээ.


Ташрамд дурдахад, Япон Улсын Засгийн газар өнөөг хүртэл Монгол орны өнцөг булан бүрд “Соёлын Өвсний үндэс” буцалтгүй тусламжийг 2005 оноос хойш хэрэгжүүлж ирсэн. 







Холбоотой мэдээ