БАЯНХОНГОР: Нүүдэлчдийн өв соёлтой танилцах морин аяллыг зохион байгуулжээ

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2023-10-18 11:46:53

Баянхонгор, 2023 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн аялал жуулчлалын нөөц бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, бүс нутгийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Жинст сумын Хавцгайн хөндийн түүх соёл, байгалийн үзэсгэлэнт газар, нүүдэлчдийн өв соёлтой танилцах морин аяллыг зохион байгуулжээ.


Аяллыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мазаалай номадик тур, Жинст сумын ЗДТГ, Уу булан 1 дүгээр багийн Засаг дарга болон нутгийн иргэдтэй хамтран хийжээ.


Тус аялалд Жинст сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хонгорын дугуйчид унадаг дугуйн холбооны гишүүд, хувиараа бизнес эрхлэгч, аялагчид, нутгийн иргэдийн бүрэлдэхүүнтэй нийт 25 морьтон оролцсон байна.


Аялалд үндэсний өв соёл дэмбээ, дуутай хуруу гаргах наадгай, Хавцгайн хөндийн үзэсгэлэнт байгаль, түүх соёлын дурсгалт газрууд болон ховор амьтан, ургамалтай танилцах, багийн төвийн цэнгээнт бүжиг, нүүдэлчин ахуй соёлтой танилцах зэрэг хөтөлбөрийг багтаасан байна.


Сонирхуулахад, Монголд зочлох жилийн хүрээнд аялал жуулчлалын хэд хэдэн бүтээгдэхүүн, маршрут, хөтөлбөр гаргаж гадны зах зээлд танилцуулж жуулчид авах бэлтгэл ажлыг Баянхонгор аймаг хангаж байгаа аж. Энэ хүрээнд Морин аялал, Дугуйн аялал, Харвуул наадам, Говийн гайхамшигт 6 аялал гэх мэт аяллын хөтөлбөр бүтээгдэхүүнийг нийтэд танилцуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.